Гурвансайхан сумыг “Алтан гадас” одонгоор шагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-07-05 15:12:23
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дундговь аймгийн Гурвансайхан сумыг Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнаж, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа тус сумын төвд боллоо.  

Ёслолын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн З.Нарантуяа, тус сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга Р.Эрдэнэбүрэн нар оролцож, Төрийн дээд шагналыг гардуулан өгчээ.

Шагналыг гардуулах үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа хэлсэн үгэндээ, “Та бүхэн маань хөдөөгийн хөгжлийг түүчээлж, таван жилийн уйгагүй хөдөлмөрийнхөө үр дүнд орчин үед хөдөөгийн сум, суурин ямар байж, хөгжиж болдгийн жишээг харуулж, бүтээлч хөдөлмөрөөрөө төрийнхөө энэхүү хүндтэй дээд шагналыг авч байна. Гурвасайханчууд та бүхэндээ чин сэтгэлийн халуун баяр хүргэе” гэлээ.

Гурвансайхан сум таван жилийн өмнөөс “Шинэ сум” төслийг өөрсдийн санаачилгаараа эхлүүлж, амжилтад хүрсэн, өөрчлөлт, хөгжлийг авчирсан, хөдөөдөө хот шиг амьдарч болохын жишээг харуулж яваа онцлогтой сум.  

Монгол Улсын Засгийн газар 2012 оноос “Шинэ сум” сум төслийг 18 аймгийн 19 суманд хэрэгжүүлэхэд тус сум энэ төсөлд хамрагдаагүй хэдий ч сумын Нутгийн зөвлөлийн дарга Р.Эрдэнэбүрэнгийн санаачилга, Олон улсын байгууллагуудын дэмжлэг, иргэдийн оролцоотойгоор  хөрөнгө босгож, сумаа шинэчилж чаджээ.

Азийн хөгжлийн банкны 2,5 тэрбум төгрөг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн газраас 250 мянган доллар, Туркийн сангаас 250 сая төгрөг, тус сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайгаас 250 сая төгрөг, дээр нь Орон нутгийн хөгжлийн сангийн 400 сая, иргэдийн хандивын 300 сая төгрөгөөр эхний хөрөнгө босгож, эхний ээлжинд сумын төвийн айл өрхүүд гудамж дагуу жигдрэн блокон суурьтай сараалжин хашаагаар ижилсэж, цэвэр бохир усны шугам, халаалт дулааны нэгдсэн шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжаа барьж 3 км засмал зам тавьж, гэрэлтүүлэг хийсэн аж.

Сумын төвийн өнгө үзэмжийг нэмэгдүүлж, иргэдийнхээ цэвэр орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд мод тарьж, ногоон байгууламж бий болгох хэрэгцээтэй байсан тул Дэлгэрцогт сумын нутгаас үржил шимт хөрс татан, сумынхаа төвийн хатуу хөрсийг сольж, зүлэгжүүлж, мод бут тарьж эхэлсэн байдаг.

Сумын шинэчлэл цаашдаа үргэлжилж, сумын төвдөө нэгдсэн халаалтад холбогдож, Соёл, Спорт, Суугаант цогцолбор, 12 жилийн сургууль, 12 айлын орон сууц, шинэ цэцэрлэг барьж, 2018 онд халаалтын шугамыг гудамж бүрийн эхэнд ойртуулан холбожээ. Ингэснээр 8 айл дулааны нэгдсэн сүлжээнд холбогдоод байгаа бөгөөд бүх айлыг халаалт, цэвэр, бохир устай болгохоор ажиллаж байгаа ажээ.

"Гудамж” төслийнхнийг авчран нэг загварын маш хямд төсөр Хаус хорооллын зургийг гаргаж, анхны сууцыг загвар болгон барьж, ашиглалтад оруулсан байна. 38 м.кв талбай бүхий сууцыг 25 сая төгрөгөөр барих зураг, төсөл гаргажээ.

Сумынхаа мянгат малчдын уулзалтыг хийж,  мянгат малчин бүр нэг сая төгрөгийн хандив өгөхөөр тохирон “Мянгатын сан” байгуулжээ. 2018 онд 69 мянгат малчинтай байсан бол энэ жил 86 мянгаттай болсон байна.

“Мянгатын сан”-гийнхаа хөрөнгөөр Жижиг, дунд үйлдвэрийн парк барьж, энэ жил дэд бүтцийн асуудлыг нь шийдэхээр болсон байна.  

Амьдрах орчноо өөрчлөхөд хэн нэгнийг харж, мөнгөгүй хэмээн гараа хумхин суух биш санаачилга гарган, хамтран ажиллаж, зориглон хөдөлж чадвал шинэчлэлийг өөрсдөө эхлүүлж, бусдын дэмжлэгийг авч болдог гэдгийн жишээг гурвансайханчууд ийнхүү харуулж чаджээ.

Гурвансайханчуудын энэ сайн туршлагыг одоо Архангай аймгийн Эрдэнэмандал, Хөвсгөл аймгийн  Эрдэнэбулган, Завхан аймгийн Алдархаан, Төв аймгийн Заамар суманд түгээн дэлгэрүүлж, шинэчлэлийн ажил эхлээд байгаа ажээ. 

Холбоотой мэдээ