УИХ-ын ээлжит бус чуулганыг нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-07-05 12:11:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулган өнөөдөр /2019.07.05/ нээлтээ хийж, хуралдаан 59 гишүүнийг ирцтэйгээр эхлэв. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэлэлцүүлэг тасралтгүй үргэлжилнэ гэсний дагуу УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулсан юм.


УИХ-ын ээлжит бус чуулганыг нээж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр, "Монгол Улсад нар хур тэгширсэн дэлгэр зун ирж, Үндэсний их баяр наадам удахгүй болох гэж байна. Монголыг Монгол гэж харагдуулдаг үндэсний уламжлалт зан үйл, баяр ёслолоо бид өргөн дэлгэр тэмдэглэх учиртай ч ард түмний төлөөлөл, даруухнаар хэлбэл, төрийн зарц Та бидэнд чуулганаа завсарлуулах эрх алга аа.  Учир нь та бид түүхэн үүрэг гүйцэтгэж байна. Ард түмнийхээ  хүсэл, зорилго, нийгмийнхээ захиалгыг биелүүлэх нь олон түмнээ төлөөлөн төрийн эрхийг барилцаж байгаа  Та бидний журамт үүрэг юм. Ардчилсан Үндсэн хууль түүхэн үүргээ гүйцэтгэж, бахархам амжилт ололтыг авчирсан. Алдаа оноо нь ч ил байна аа. Засаж сайжруулах гэдэг дээр маргаж байгаа хүн алга. Товчхон хэлбэл, эмх замбараагүй өнөөгийн нийгмийг цэгцлэх цаг болсонтой бараг хүн болгон санал нийлж байна. Энэ бол боломж, Монголын ард түмний түүхэн сонголт юм.   Цэгцэлж хэрвээ чадвал цэгцрэх хөдөлгөөн хөгжил дэвшилд хүргэнэ. Үүний төлөө бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг эхлүүлсэн. Бидэнд буцах зам байхгүй. Хэрвээ зорьсноосоо буцвал, түүхэн боломжийг алдвал эс үйлдлийнхээ төлөө бид түүхийн өмнө хариуцлага хүлээх болно. Ингэж бодож хичээн зүтгэх учиртай. Энэ эрхэм үйл хэргийг зөв, сайнаар гүйцэлдүүлэхийн төлөө мэдлэг боловсрол, туршлага чадвар, буй бүхнээ дайчлах ёстой гэсэн итгэл үнэмшил Монгол Улсын Их Хурлын гишүүд, төрийн түшээ та бүхэнд байгаа гэдэгт бүрэн итгэж байна. Гурван парламент дамжуулан, 10 жил ярьсан асуудлыг одоо шийдэх цаг мөч иржээ. Хорин долоон жилд арван гурван Засгийн газар сольж, тогтворгүй, хариуцлагагүй төр, тогтолцоо нь гажуудсан нийгмийг бүрдүүлсэн алдаагаа ухааран, цэгцлэх цаг болсон гэж  үзэж байна. Байгалийн асар их баялгийн үр шим ард түмэндээ наалдаагүйн бурууг ч засах ёстой. Бид энэхүү нэмэлт, өөрчлөлтийг эхлүүлэхдээ олон түмний санал бодлыг сонсож, уулзалт хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан. Ард иргэдээс ирсэн саналыг хэлэлцүүлгийн явцад судалж, анхаарах ёстой. Улс төрийн 15 нам дэмжиж, эв санааны нэгдлээ илэрхийлж, саналаа ирүүлж байна. Тухайлбал, МАХН-аас байгалийн баялаг нь ард түмний дундын өмч гэсэн заалт оруулъя, 6.1, 6.2 дээр хүн бүрийн мэдэх эрхийг хангая гэсэн саналаа илэрхийлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, АН-аас Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд оруулах саналаа ирүүлж, асуудалд ажил хэрэгчээр хандана гэдэгт итгэлтэй байна. Ард иргэдээс ирүүлсэн санал, УИХ-ын гишүүдийн тойрогтоо ажиллах үеэр тэдний илэрхийлсэн саналуудыг цэгцлэхийн тулд Ажлын хэсэг хуралдаж, Байнгын хороодоор хэлэлцүүлж, Төрийн байгуулалтын байнгын хороон дээр санал хураахад бэлэн болоод байна. Энэ хүрээнд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах эрх зүйн орчныг бий болгох, давхар дээлийг тайлах асуудлыг нэг мөр шийдэж, төр засгийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх, дээр дурдсан байгалийн баялаг ард түмний өмч бөгөөд тэдний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэдэг заалтыг тодруулж, Баялгийн сан бүрдүүлж ашигладаг олон улсын жишиг, туршлагыг харгалзан, тусгахыг олон нийт хүлээж байна. Энэ талаар тодорхой хэлэлцүүлэг, мэтгэлцээнүүд явагдах учиртай. Мөн нутгийн удирдлагын тогтолцоо, хот, дүүргийн статусыг илүү тодорхой болгох саналууд судлаач, эрдэмтэн, ард түмнээс олноор ирж байгааг хэлэлцүүлгийн явцад онцгой анхаарах учиртай. Энэ мэт цэгцлэх зүйл бидэнд их байна. Цэгцэлж чадах хүч, ухаан монголчуудад. УИХ-ын гишүүд Та бүхэнд  бий. Байгаа боломж, чадавхиа сайн ашиглаж чадах юм бол цэгцрэх хөдөлгөөн Монгол Улсыг хөгжил дэвшилд хүргэнэ ээ. Тиймээс зорилго, эрмэлзлээ нэгтгэж, үндэсний эв нэгдэл, ойлголцол зөвшилцлийн Тунхаг болсон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нэн хариуцлагатай хандахыг, зорьсон үйлсээ эрхэм сайнаар бүтээхийг Та бүхэндээ хандан уриалж байна" гэв.


Ээлжит бус чуулганы хугацаанд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөс гадна 13 асуудал нэмж хэлэлцэхээр болжээ. Тухайлбал, “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий” Улсын Их Хурлын Ажлын хэсгийн ажлын тайлан, үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлаас гаргах шийдвэрийн төслийн тухай, Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлт, “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэнэ.


Мөн Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай , Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай, Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Экспортын зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг тус тус хэлэлцэхээр тогтжээ. 


Түүнчлэн Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсыи Их Хурлын тогтоолын төсөл, Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр"-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төсөл, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилох, чөлөөлөх тухай асуудал, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус хэлэлцэнэ.

Холбоотой мэдээ