Баянхонгорын наадам энэ сарын 9, 10-нд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-07-05 16:18:21

Баянхонгор /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмаа Баянхонгор аймаг энэ сарын 9,10-ны өдөр тэмдэглэхээр тогтлоо.

Баянхонгорчууд Үндэсний их баяр наадмаа иргэн бүрийн оролцоонд тулгуурлан “Хандлагаа өөрчилье-Цэвэрхэн наадъя” уриатайгаар тэмдэглэх бөгөөд долоодугаар сарын 6,7-ны бямба, ням гарагийг ажлын өдөр болгож аймгийн наадам хийх өдрүүдээ бүх нийтийн амралтын өдөр болгож байгаа аж.

Баяр наадмын нээлт долоодугаар сарын 9-ний өдрийн 10:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэлж хүчит 128 бөх барилдаж, эрхий мэргэн харваачид нь онч мэргэнээ сорино. Мөн өдрийн 07:00 цагаас Азарганы уралдаанаар хурдан морьдын уралдаан эхлэх бол хурдан соёолон, хязаалангийн уралдаан үргэлжлэн Дуурсахын хөндийд болох юм.
Наадмын хоёр дахь өдөр буюу 10-нд Дуурсахын хөндийд их нас, шүдлэн, дааган насны морьд уралдаж, цэнгэлдэх хүрээлэнд шөвгийн дөрвөн бөх эр бяр, хүч мэхээ сорино. Мөн өдрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн далбааны өдөр болгосон байдаг тул нийт төрийн албан хаагчид үндэсний хувцастайгаа жагсахаар боллоо. Үдийн 15:00 цагаас Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын түрүүнүүдэд аймгийн удирдлагууд шагнал гардуулснаар баяр наадмын үйл ажиллагааг  хаах юм байна.
Холбоотой мэдээ