Бизнес эрхлэгчид гарын үсэг цуглуулан аймгийн Засаг дарга дээр оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-03 10:26:47

Өвөрхангай аймгийн бизнес эрхлэгчдийг цочроосон нэгэн яриа аймгийн төвд гараад байгаа. Энэ нь Монголын зах зээлийг “атгасан” Номин худалдааны төвийн салбар орж ирэх тухай мэдээлэл юм.

Тиймээс төв захын 300 гаруй бизнес эрхлэгчид өөрсдийн эрх ашгийг хамгаалахаар гарын үсэг зуран аймгийн Засаг дарга дээр орж хүсэлт тавьсан байна. Ингэхдээ аймгийн удирдлагуудаас Номин худалдааны төвд газар олгож, бизнес эрхлэх үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж байгаа гэсэн ярианд бухимдаж байгаагаа илэрхийлжээ.

Харин аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ “Орон нутгийнхаа бизнес эрхлэгчдийг дэмжиж, тэдний зах зээлийг хамгаалах, бараа бүтээгдэхүүний борлуулалтанд нь бодлогоор дэмжлэг үзүүлэх нь бидний үүрэг. Тиймээс бид Номин худалдааны төвд газар олгосон асуудал байхгүй. Энэ бол худал мэдээлэл юм” гэсэн хариуг өглөө.

“Номин холдинг” ХХК нь Улаанбаатар хотод өөрийн 3 их дэлгүүр, 6 супермаркет, 7 хайпермаркет, 10 бөөний худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Дархан, Эрдэнэт, Дорнод, Ховд, Сүхбаатар, Өмнөговь зэрэг аймгуудад өөрийн салбар, худалдааны төвөө нээн ажиллаж байгаа юм. Олон талын зах зээлтэй энэхүү том байгууллага Өвөрхангайд ажиллах аваас аймгийн зах зээлийг бүрэн гартаа оруулна хэмээн бизнес эрхлэгчид хаширлаж байна.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ