Монгол инженерүүдийн бүтээсэн цахилгаан автобус үйлчилгээнд гарахад бэлэн боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-07-10 09:50:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол инженерүүдийн гараар бүтсэн МОН-30 загварын их багтаамжийн хоёр цахилгаан автобус нийтийн тээврийн үйлчилгээнд гарахад бэлэн болжээ.


Монгол Улсын Засгийн газар 2018 онд “Нийслэлийн нийтийн тээвэрт байгаль орчинд ээлтэй цахилгаан автобус нэвтрүүлэх, туршилт хийх тухай” 122 дугаар тогтоолыг баталсан билээ. Уг тогтоолд “МОН-30” загварын их багтаамжийн цахилгаан автобусыг дотоодын үйлдвэрлэгчид захиалан үйлдвэрлүүлж, нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх туршилт хийж, үр дүнг Засгийн газарт танилцуулахыг Зам, тээврийн хөгжлийн сайд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарт даалгасан. Тэгвэл энэхүү тогтоол ийнхүү хэрэгжиж, "Монгол машин" ХХК хоёр автобус туршилтаар үйлдвэрлээд байна.


Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, “Монголчуудын бүтээсэн цахилгаан автобус үйлчилгээнд нэвтрэхэд бэлэн болж, анхны загвараа танилцууллаа. МОН-30 нь байгаль орчинд ээлтэй, 100 хувь цахилгаан автобус юм. Цаашид олноор үйлдвэрлэж, нийтийн тээврийн үйлчилгээнд бүрэн нэвтрүүлээд зогсохгүй экспортод гараасай гэж салбарын сайдын хувьд бэлгэшээн бодож байна. Монголын зам, тээврийн салбарт Улсын баяр наадмын өмнөхөн олон сайхан үйл явдал тохиолдож байгаагийн нэг нь энэ юм” хэмээв.  

Нийслэлийн нийтийн тээврийн салбарт үйлчилгээнд явж буй нэг автобус жилд 45 сая төгрөгийн импортын шатахуун, газ, шатах тослох материал ашиглаж, нэг тонн гаруй хорт бодис ялгаруулдаг бол “Мон-30” загварын автобус нь жилд 6.6 сая төгрөгийн эрчим хүч худалдан авч, тус салбарын зардлыг 30-40 хувиар буулгах боломжтой юм.


Холбоотой мэдээ