Ширээгийн голын гүүрний ажил 85 орчим хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-07-10 13:53:14

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Цагаанхайрхан сумын Ширээгийн голын төмөр бетонон гүүрийн барилгын ажил 85 орчим хувьтай байна. Гүүрийг улсын төсвийн хоёр тэрбум 245 сая гаруй төгрөгийн санхүүжилттэйгээр барьж буй юм.

Ширээгийн голын төмөр бетонон гүүрийг ЗЗБ” ХХК барьж буй бөгөөд 90,9 метрийн урттай, найман метрийн өргөнтэй гүүрийн барилгын ажлын гүйцэтгэгч компани 2019 оны аравдугаар сард ашиглалтад оруулах гэрээтэй ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар гүүрний далан, чулуун бэхэлгээ, дам нурууны угсралтын ажил хийж байна.

Энэ жил гүүрний барилгын ажилд орон нутгаас 10 хүнийг туслах ажилтнаар авч, нийт 12 техник, 20 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Өнгөрсөн сард үер уснаас болж бага зэрэг хүндрэл гарсан хэдий ч дам нуруугаа угсрах барилгын ажлыг үргэлжлүүлэн эрчимтэй хийж байна. Цаашид орон нутгаас туслах ажилчдыг нэмж авч ажиллуулах төлөвлөгөөтэй байгаа. Өнгөрсөн жил гүүрний барилгын ажлын бэлтгэл ажлыг хангаж 60 гаруй хувьтай хийсэн байгаа. Энэ жил графикт төлөвлөгөөнийхөө дагуу барилгын ажлыг эрчимтэй, чанартай гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна хэмээн ЗЗБ” ХХК-ийн ерөнхий инженер н.Жавхлантөгс мэдээлэв. Ширээгийн гол Завхан аймгийн төвөөс урд бүсийн чиглэлийн сумдад хүрдэг гол зам төдийгүй Завханаас Говь-Алтай, Баянхонгор аймаг руу зорчдог зам юм.

Холбоотой мэдээ