Булган аймгийн баяр наадамд 360 гаруй хурдан хүлэг уралдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-07-12 12:57:29

Булган /МОНЦАМЭ/ Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Булган аймгийн баяр наадмын хурдан морьдын уралдаанд 360 гаруй хурдан хүлэг уралдлаа.

Хурдан азарганы уралдаанд  Бүрэгхангай сумын уяач Н.Болдбаатарын хар түрүүлж, Сайхан сумын уяач Д.Гантулгын хонгор аман хүзүүнд хурдалж, Хутаг-Өндөр сумын уяач Б.Ууганбаярын хар, Бүрэгхангай сумын уяач А.Чинбатын шар халтар, Хишиг-Өндөр сумын уяач Б.Амарсанаагийн хүрэн азарга айрагдлаа.

Энэ жилийн наадмын их насны 60 гаруй хурдан хүлгээс Тэшиг сумын Ж.Баярсайханы бор магнайлж, Монгол Улсын алдарт уяач Д.Баясгалангийн хүрэн аман хүзүүнд, Орхон сумын уяач Н.Нарангэрэлийн бор, Хутаг-Өндөр сумын уяач Т.Октябрийн хул, Тэшиг сумын уяач Б.Мөнх-Эрдэний янзган цоохор айргийн тавд орлоо.

Соёолон насны морьдоос Хутаг-Өндөр сумын уяач О.Мөнхзаяагийн буурал соёолон хол тасархай түрүүлж, Тэшиг сумын алдарт уяач Г.Ганбаярын хүрэн аман хүзүүнд, Гурванбулаг сумын уяач Ц.Бат-Эрдэний хонгор халзан, Хутаг-Өндөр сумын Б.Ууганбаярын буурал, Бүрагхангай сумын Б.Баярсайханы сартай хул соёолон айргийн тавд давхилаа.

Хязаалан насанд Хутаг-Өндөр сумын уяач Г.Батмөнхийн хээр түрүүлэн, мөн сумын уяач Б.Ууганбаярын хар аман хүзүүнд, мөн сумын уяач Д.Жаргалсайханы хүрэн халзан, Баян-Агт сумын уяач Н.Жаргалсайханы халтар, мөн сумын уяач Б.Гялсрайн тэнгэр саарал үрээ айргийн тавд хурдаллаа.

Хурдан шүдлэнгийн уралдаанд Булган сумын уяач П.Отгонбаярын саарал түрүүлж, Хутаг-Өндөр сумын уяач Т.Мөнхдэлгэрийн хээр удаалж, Бүрэгхангай сумын уяач Б.Дэндэвдоржийн хээр халзан, Баян-Агт сумын уяач П.Отгонтэнгэрийн дүү хээр, мөн сумын уяач Т.Чимэддоржийн гал халзан шүдлэн айрагдлаа.

     Аймгийн баяр наадмын дааганы уралдаанд Төв аймгийн Заамар сумын  уяач М.Мөнхбаярын зээрд халзан түрүүлж, Булган аймгийн Баян-Агт сумын алдарт уяач Ц.Баасандоржийн хүрэн аман хүзүүнд, Хутаг-Өндөр сумын Б.Лхагвадоржийн хонгор, Төв аймгийн Заамар сумын уяач Б.Ганзоригийн бор, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын аймгийн алдарт уяач А.Өлзийбаатарын ухаа даага айрагдаж наадамчин олноо баясгалаа. Тэшиг сумын уяач Ц.Батжаргалын хээр алаг даага энэ жилийн наадмын “баян ходоод” болжээ.


Холбоотой мэдээ