Баяр наадмын бөхийн барилдаанд Аймгийн хурц арслан Б.Баянмөнх түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-07-12 13:03:29

Ховд /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 98 жилийн ой, Ховд аймгийн баяр наадмын хүчит бөхийн барилдаан төв цэнгэлдэх хүрээлэнд амжилттай боллоо.

Барилдаанд улс, аймаг, сум, цэргийн цолтой  256 бөх барилдсанаас  Мөнххайрхан сумын харьяат, Аймгийн арслан Б.Баянмөнх  8 даван  түрүүлж, аймгийн хурц арслан цол хүртлээ. Харин Мөст сумын харьяат, сумын заан Ц.Төмөрцоож  7 даван үзүүрлэж, шинээр аймгийн заан цолны болзол хангав.

Мөн их шөвөгт Булган сумын харьяат, аймгийн харцага Б.Анхжаргал, Буянт сумын харьяат, аймгийн харцага Б.Сосорбарам нар тус тус шалгарлаа. 

Энэ жилийн баяр наадмын бөхийн барилдаанд  Улсын цолтой 3, аймгийн цолтой 48, сумын заан, харцага, начин цолтой 50 гаруй бөх оролцсоноороо онцлог байв.

Түүнчлэн Мөст сумын харьяат, сумын заан Б.Баяраа, Манхан сумын харьяат, сумын заан Б.Даваадалай, Дуут сумын харьяат, сумын заан Б.Одгэрэл нар 5 давж, шинээр  Аймгийн начин цолны болзол хангалаа.

 

                                        Өсвөр насны хүүхдийн барилдаанд 32 бөх оролцов

Ховд аймгийн баяр наадмын Өсвөр насны хүүхдийн барилдаанд  15-16 насны 32 бөх барилдсанаас Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн 10б ангийн сурагч Ц.Сумъяабазар түрүүлж, Чандмань сумын харьяат, Жаргалант сумын ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн 10г ангийн сурагч М.Наранмандах үзүүрлэв. 

Харин их шөвөгт Дөргөн сумын харьяат, Прогресс сургуулийн 10б ангийн сурагч Б.Одгэрэл, Дөргөн сумын сургуулийн сурагч Ө.Бат-Оргил нар шалгарлаа.

Бөхийн барилдааныг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав болон аймгийн удирдах ажилтнууд, үе үеийн бөхчүүд, бөх сонирхогчид, иргэд үзэж сонирхсон юм. Шагналыг удирдах ажилтнууд гардуулан өгч, баяр хүргэв.

 


Холбоотой мэдээ