Улсын арслан Э.Оюунболд Төрийн наадамдаа түрүүлж, Монгол Улсын аварга цолтон болов

Монголын мэдээ | Нийгэм
ulzii@montsame.mn
2019-07-12 21:29:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Аваргууд” клуб, “Алтай констракшн” ХХК-ийн бөх, Улсын арслан Э.Оюунболд ес даван түрүүлж, Монгол Улсад шинэ Аварга цолтон төрлөө.   


Харин Увс аймгийн Ховд сумын харьяат, “Хемон констракшн” ХХК, “ТЭЦ-3” ТӨХК, “Сүлд” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх, Улсын аварга Н.Батсуурь найм даван үзүүрлэв.
Улсын аварга Н.Батсуурийн хувьд энэ наадамд үзүүрлэснээр Төрийн их баяр наадамдаа хоёр түрүү нэг үзүүртэй болж байна.


Ийнхүү Хан хэнтийчүүдээс гурав дахь аварга төрж, түүнд аварга цол олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд наадамчин зон олондоо сонордуулсны дараа Ерөнхийлөгч Х6Баттулга цол, тэмдгийг гардуулав.


Үндэсний Их баяр наадамдаа ес даван түрүүлсэн Э.Оюунболдод түрүүлсэн бөхийн байг УИХ-ын дарга Г.Занданшатар, аваргын алтан медалийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар гардуулж өглөө.


Энхтөгсийн Оюунболд 1993 оны гуравдугаар сарын 12-нд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төржээ. Тэрбээр 2005 оноос нэг аймаг, сумын Дархан аварга Б.Бат-Эрдэнэ аваргын байгуулсан "Аварга" дээд сургуульд Б.Адьяахүү начны удирдлага дор бөхийн эрдэмд суралцжээ. Э.Оюунболд 2012 онд Хэнтий аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан, 2013 оны улсын наадмаар 6 давж Улсын харцага болж, 2015 оны хавар МҮБХ-ны 25 жилийн ойн 1024 бөхийн барилдаанд түрүүлсэн бол зун нь улсын наадмын түрүү хүртэж улсын арслан болсон юм. Энэ нь 1963 оны Жигжидийн Мөнхбат аваргаас хойш 22-хон насандаа, 1999 оны Б.Бат-Эрдэнэ аваргаас хойш дахин Хэнтий аймгийн Өмнөдэлгэрээс түрүү бөх тодорсон тохиолдол юм.


Тэрбээр 2016 оны улсын наадамд 7 даван шөвгөрсөн, 2018 оны улсын наадамд 5 даван шөвгөрч "Өсөх идэр" чимэг (нөхөн олгосон) авсан амжилт үзүүлээд байв. Харин энэ жил наадамд урамтай иртэй цогтой, хурдтай, хавтай сайхан барилдаж идэр аварга цол хүртсэн нь наадамчин зон олныг бахархал, омогшил дүүрэн баясгалаа.


Улсын наадамд түрүүлж үзүүрлэсэн бөхийн бай буюу идээг гардуулж өгсөн юм. Харин үзүүр түрүү болон шөвгийн дөрвөн бөхийн бай болох мөнгөн шагналыг маргааш Уяачдын наадам дээр гардуулах юм.

Холбоотой мэдээ