Шинэ аварга Э.Оюунболдод шагналын автомашин гардуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Монгол Улсын шинэ аварга Э.Оюунболдод түрүү бөхийн бай шагнал болох “Nissan Patrol Y62” автомашиныг өнөөдөр гардуулан өглөө.
Автомашин гардуулан өгөх ёслолд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, “Моннис моторс” ХХК-ийн ерөнхий захирал П.Баяр болон Монгол Улсын шинэхэн аварга Э.Оюунболдын гэр бүлийнхэн, бөх сонирхогчид оролцов.
Автомашин гардуулах үеэр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, “Үндэсний их баяр наадам маань өргөн дэлгэр сайхан болж байна. Нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс шинэ аваргадаа халуун баяр хүргэж, амжилт хүсье” гэв.
Монгол Улсын аварга Э.Оюунболд “Төрийн их баяр наадамдаа түрүүлж, Монгол Улсын аварга цолны эзэн болсондоо туйлын их баяртай байна. Ниссан моторс корпорацийн хамт олондоо нийт бөхчүүдийнхээ өмнөөс талархсанаа илэрхийлье. Цаашдаа олон бөхчүүд энэ шагналыг авах болтугай” хэмээв.