Д.Трампын жиргээнүүдийг зэмлэн буруушаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-07-16 09:29:56

ЛОНДОН. /BBC/. АНУ-ын Конгрессын ардчилсан намын өнгөт арьст гишүүдийн талаарх Ерөнхийлөгч Дональд Трампын жиргээнүүдийг Их Британийн Ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшигчид зэмлэн буруушаасан байна.


The Sun” сувгийн зохион байгуулсан халз мэтгэлцээний үеэр АНУ-ын Ерөнхийлөгчийн "Твиттер" дэх нийтлэлийн талаар Жереми Хант хэлэхдээ, “маш бүдүүлэг” хэмээсэн бол Борис Жонсон “байж боломгүй” гэж хэлжээ. Гэсэн хэдий ч тэдний хэн хэн нь арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах талаар дурдаагүй байна.


АНУ-ын Ерөнхийлөгч “Твиттер” хуудсан дахь нийтлэлдээ, “Засгийн газрууд нь бүрмөсөн сүйрсэн орноос гаралтай эмэгтэйчүүд” хэмээн бичжээ. Уг жиргээнүүд нь АНУ-д төрсөн Александрия Окасио-Кортез, Рашида Тлейб, Аянна Прессли болон 12 настайдаа АНУ-д дүрвэн ирсэн Ильхан Омар нарыг чиглэсэн байсан нь олны эсэргүүцэлтэй тулгарчээ.


Д.Трампыг хэлсэн үгнээс нь улбаалан түүнийг арьсны өнгөөр ялгаварлан гадуурхагч хэмээн буруушаасан бөгөөд тэрбээр даваа гарагт Конгрессын дээр дурдсан гишүүд “АНУ-ыг үзэн ядаж байна” хэмээн буруутгасан нь нөхцөл байдлыг улам дордуулжээ. Өчигдөр А.Окасио-Кортез, Р.Тлейб, А.Прессли, И.Омар нар хэвлэлийн бага хурал зохион байгуулсан байна. 



Холбоотой мэдээ