Нэгэн жарны дараа Мэргэн харваач төрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-07-16 12:36:10
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/ Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын Үндэсний сурын харваанд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул, Спортын мастер Ө.Хатанболор 40 сум тавьж, 37 онон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Монгол Улсын мэргэн” цол хүртлээ.

Ийнхүү Дундговьчууд улсын наадмаас бүхэл бүтэн жарны дараа шинэ “Улсын мэргэн”-ээ өлгийдөн авч, аймгийн түүхэнд анхны эмэгтэй “Мэргэн” харваач төрөн гарчээ.

Ө.Хатанболор 2016 оноос сурын спортоор хичээллэсэн. Түүний аав Л.Өрнөхбаяр Үндэсний сурын спортын дэд мастер, түүний хань М.Чинбат сурын спортын мастер цолтой, гэр бүлээрээ үндэснийхээ энэ сайхан спортыг өвлөн авч, хөгжүүлж яваа онцлогтой гэр бүл  юм.

Ө.Хатанболор Үндэсний сурын харваачдын “Цахиур” багийн харваач. Тус багийг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Г.Мөнхсайхан, Сайхан-Овоо сумын уугуул Ч.Эрдэнэ-Оюун нар Улаанбаатар хотноо амьдарч байгаа үе үеийн харваачдыг нэгтгэн “Цахиур хагалж мэргэн төрүүлэх” зорилгын дор энэ хавар байгуулжээ. Тус аймгийн уугуул, үе үеийн харваачдыг нэгтгэж чадсанаар ийнхүү анхны “цахиур” хагалж чадсан аж.

Байгуулагдаад удаагүй байгаа Үндэсний сур харваачдын "Цахиур” багийг Дундговь аймгийн "Мандалговь хүнс" ХХК, аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ нар ивээн тэтгэжээ. Тус багаас энэ жилийн наадамд 20 гаруй тамирчин оролцож, цэц мэргэнээ сорин оролцсон байна. 

Холбоотой мэдээ