Түнэл сумын нутагт 21 үхэр аянганд цохиулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-07-17 14:44:31

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Түнэл сумын Зуны гол багийн Ар нарийн гэдэг газар сумын төвөөс зүүн тийш 80 км-т усархаг бороо орж аянга буусны улмаас малчин Б-гийн 21 үхэр аянгад ниргүүлж хорогдсон байна.

Иймээс ард иргэдийг дуу цахилгаантай аадар борооны аянганд өртөхөөс  сэргийлэхийг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулав.

Аянганы дуу бүдэгхэн сонсогдож байсан ч өөрийн байгаа газар аянга буух аюултай бөгөөд өндөрлөгт байгаа зүйл рүү аянга унах нь элбэг төдийгүй өндөр зүйл дээр буусан аянга нь түүнээс дөрвөн метрийн дотогш зүйл рүү дамждаг аж.

Мөн биедээ металл эд зүүсэн, зүүгээгүйгээс үл хамааран аянга буудаг байна. Саваа модон хэлбэртэй биетийг толгой дээрээ барихгүй байх ёстой. Биеийн өндрийг аль болох нам болгох төдийгүй хоёр гараараа газар тулалгүй, хөлөө нийлүүлээд чихээ дарах байрлалыг сонгох нь аюул багатай байдаг гэнэ.

Машин дээр аянга буусан ч дотор нь дамжиж орохгүй. Гэхдээ цонхоо заавал хааж, дээвэр цонхноос зайдуу суух хэрэгтэй. Даавуун болон брезентэн бүрээстэй, бүхээгтэй машины тэвш аюултай байдгийг сэрэмжлүүлэв.

Холбоотой мэдээ