Тээврийн хэрэгслийг дахин боловсруулах төв байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-07-16 18:12:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗТХЯ, БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Монгол авто ресаикл парк” ХХК ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг дахин боловсруулах талаар хамтран ажиллах санамж бичиг байгуулав.


Хамтын ажиллагааны дүнд “Монгол авто ресаикл парк” ХХК манай улсад ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг дахин боловсруулах цогц үйлчилгээний төв барих юм. Барилгын ажлыг Улаанбаатар хотын “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-д энэ оны 9 дүгээр сараас эхлүүлэн 2020 оны эхний улиралд багтаан дуусгахаар төлөвлөжээ.

 

Тээврийн хэрэгслийг дахин боловсруулах цогц үйлчилгээний төв нь жилд ашиглалтаас хасагдсан 5000 тээврийн хэрэгслийг цуглуулах, задлах, ангилах, сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах юм. Тус төв ашиглалтад орсноор 50 орчим ажлын байр бий болно.

 

Манай улсад ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгсэл болон ашиглалтын улмаас үүсч буй хог хаягдлыг устгах, дахин боловсруулах зохицуулалт, үйлдвэрлэл байхгүйн улмаас автомашин, дугуй, аккумулятор, ашиглагдсан тос, масло, хөргөлтийн шингэн гэх мэт хог хаягдал нь агаар, хөрсний бохирдлыг бүрдүүлэгч нэг эх үүсвэр болоод байгаа билээ.

 

2018 оны байдлаар манай улсад нэг сая орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэйгээс 30 хувь нь 20 ба түүнээс дээш жил болжээ.

Холбоотой мэдээ