Сэлэнгийн музей ардын хувьсгалтай холбоотой түүхэн баримтын үзмэрүүдээрээ ялгардаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-07-23 11:06:34

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн нэгдсэн музей нь үндсэн 3500 гаруй үзмэртэй. Музейн онцлог нь Монгол Улсын ардын хувьсгалтай холбоотой түүхэн баримтын үзмэрүүдтэйгээрээ бусдаас ялгардаг байна. Энд Ардын хувьсгалын тухай зурагнууд, дөрвөлжин сүмийн үүдэн дээрээс галлаж байсан максим пулемёт, жанжин Д.Сүхбаатар, маршал Х.Чойбалсан нарын эдэлж хэрэглэж явсан зүйлс, ардын хувьсгалын ялалтанд гарамгай үүрэгтэй оролцсон дөрвөн хорооны даргын хэрэглэж явсан эд зүйлс зэрэг нь хамгийн чухал гол байр суурийг эзэлдэг.

Түүнчлэн байгалийн хэсэг, угсаатны хэсэг, Сэлэнгэ аймгийн бахархлын хэсэг гээд бусад музейн жишгээр үзмэрүүдээ зохион байгуулсан байна. Мөн музейд байгаль экологийн, археологийн, үнэт металл үзмэрүүд ч бас байгаа.

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейн ажилчдын олон жилийн эрэл хайгуул, судалгааны үр дүнд хүмүүсийн гар дээр хадгалагдаж байсан түүх соёлын дурсгалт зүйлүүдийг татан авч, байрлуулан үзмэрээ баяжуулсаар иржээ.

Энд 2200-гаад жилийн өмнө Хүннү гүрний үеийн түүх соёлын дурсгалт 2м 10 см өндөртэй хүний араг яс, адууны ястайгаа олдсон олдвор байдаг байна. Зөвхөн яс нь ийм өндөр байгаа юм чинь тухайн хүн хэр зэрэг өндөр байсан нь сонирхол татна.

Мөн 13 дугаар зууны үеийн баатрын хөө хуяг байдаг. Энэ нь Монгол Улсад ганцхан байдаг олдвор бөгөөд төмрөөр битүү гогцоолдож сүлжиж хийсэн байдгаараа онцлогтой аж. Түүнчлэн Занабазарын урласан Майдар бурхан, Жанрайсэг бурханы хөрөг бий.

Мөн Богд хаант Монгол улсын Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошууны Засаг ноён, Чингис хааны 35 дахь үеийн ач, Эрдэнэ чин ван Намсрай, Монгол ард журамт цэргийн жанжин Д.Сүхбаатар, дэд жанжин Х.Чойбалсан, Лаварын Сумьяа нарын түүхэн хэрэглэлүүд хадгалагдаж байна.

Түүнчлэн ардын хувьсгалын дараа үүсэн байгуулагдсан Монголын хамгийн анхны засаг захиргааны нэгж Алтанбулаг хязгаарын тохинуулах яамны анхны сайд Намсрайн Билэгсайханы эдэлж хэрэглэж явсан зүйлсүүд ч мөн хадгалагдан байдгаараа олны сонирхолыг татдаг ажээ.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд 1948 онд анх музей байгуулагдсан. 1960 онд Орон нутаг судлах кабинет, 1968 онд Сэлэнгэ аймгийн орон нутаг судлах музей болон өргөжин тэлсээр 2004 онд Сэлэнгэ аймгийн музейг Алтанбулагийн музейтэй нэгтгэн аймгийн Нэгдсэн музей бий болсон байна. Ингэж нэгдэхээсээ өмнө Улаанбаатар хотын Ардын хувьсгалын музейн салбар байжээ.


 

Холбоотой мэдээ