Хөмүүлээр хийсэн бүтээгдэхүүнийг гадаадын зах зээлд нийлүүлнэ

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2019-07-22 22:40:00

Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймагт үйлдвэрлэдэг хөмүүлийн дарш, сорс, цууг гадаадын зах зээлд нийлүүлэхээр хаяг шошгыг шинэчилсэн байна.  

Тус аймгийн тэргүүлэх хүнсний үйлдвэр болох "Өнөд өвлөх урлахуй" ХХК-ийн "Даланбулаг" хүнсний үйлдвэрт 2016 оноос эхлэн говийн хөмүүлийг уламжлалт аргаар нөөшлөн савлаж худалдаанд гаргаж эхэлсэн юм.

Улмаар хөмүүлээ хатааж сорс болгон хоолны амтлагчаар хэрэглэгчиддээ нийлүүлжээ. Уг үйлдвэр нь өнгөрсөн оноос эхлэн хөмүүлийн цуу үйлдвэрлэж байна. Мөн Хүнсний технологийн  их сургуультай хамтран судалгаа хийжээ.

Тус үйлдвэрийн хамт олон үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ гадаадын зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Иймээс хаяг шошгоо өөрчлөн стандартын дагуу бүрэн эхээр нь шинэчилсэн нь энэ.

Компанийнхны хэлж байгаагаар тун удахгүй Япон, Хятад болон зүүн өмнө Азийн зах зээлд гаргах аж. Хөмүүл нь хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжиж, чийг бам, ханиаднаас урьдчилэн сэргийлэх ач тустай.

Харин цусны даралт ихсэх өвчтэй хүмүүс бага хэмжээгээр хэрэглэх ёстой гэнэ.  

Холбоотой мэдээ