Х.Баттулга: Түүхэн боломжийнхоо өмнө бид тулж ирээд байна

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.mn
2019-07-23 12:30:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгчийн мэдүүлсэн төслийн саналыг тусгах үүрэг бүхий Зөвшилцлийн ажлын багийн төлөвлөгөөний дагуу Төрийн ордноо өнөөдөр “Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах нь” сэдэвт  хэлэлцүүлэг болж байна.


УИХ-ын нэр бүхий 62 гишүүн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барьж, УИХ-аас төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг өнгөрсөн сард хийсэн. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж, энэ сарын 16-нд УИХ-ын даргад өргөн барьсан. Ерөнхийлөгчийн төслийг энэ сарын 18-нд УИХ-ын чуулганаар хэлэлцээд, Үндсэн хуульд оруулах журмын тухай хуулийн дагуу давхар хэлэлцүүлэх боломжгүй гэж үзсэн. Тиймээс эл хуулийн төслийг одоо хэлэлцэж буй УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тэргүүтэй 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлтэй нэгтгэж, санал боловсруулах үүрэг бүхий Зөвшилцлийн ажлын баг байгуулж, Ерөнхийлөгч даргалахаар болсон юм. Тус зөвшилцлийн ажлын баг энэ сарын 19-нд хуралдаж, ажлын төлөвлөгөөгөө боловсруулахдаа, энэ долоо хоногт таван сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээр болсон юм. 


Өчигдөр тус ажлын баг Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар хэлэлцсэн юм. 



Хэлэлцүүлгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Д.Лүндээжанцан нарын албаныхан оролцлоо. Мөн хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, улс төрийн намын удирдлагууд, эрдэмтэн судлаач, иргэдийн төлөөлөл зэрэг 120 гаруй хүн санал бодлоо солилцож байна. 


Хэлэлцүүлгийг нээж Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ, "Сүүлийн арав гаруй жилийн турш нийгмийн бүх түвшинд хөндөгдөн, олон нийтээр чамгүй шүүгдэн хэлэлцэгдэж ирсэн асуудлуудын хүрээнд бид Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулахаар ярьж байна. Өөрөөр хэлбэл, олон жилийн турш эрэлхийлсэн түүхэн боломжийнхоо өмнө Монголчууд бид тулж ирээд байна. Энэхүү боломжийг бодит ажил болгох нь эрх баригчид хийгээд сөрөг хүчин, улс төрийн бусад нам, төрийн байгууллага, албан тушаалтан, иргэд, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачид та бүхний ухамсар, алс хэтийг харах ухаан, эв эеийг эрхэмлэх сэтгэлээс шууд хамаарах бөгөөд үндэснийхээ эрх ашгийг дээдэлсэн зөвшилцөл, ойлголцол голлох нөлөөтэй гэдгийг онцлон тэмдэглэе.


УИХ-ын 62 гишүүний Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд “Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах” чиглэлээр тодорхой зохицуулалт тусгагдсан. Тухайлбал хуулийг нийт гишүүдийн олонхийн саналаар батлах, УИХ-ын 4-5 гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллаж болох хязгаарыг тогтоох, УИХ Засгийн газрын гишүүдийг нэг бүрчлэн томилдог томилгооны эрхээсээ татгалзах, Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр төсвийн зардлын шинэ төрөл үүсгэж, зарлага нэмэгдүүлэхгүй байх зэрэг зохицуулалт тусгагдсан. Түүнчлэн мэргэжлийн, хараат бус шинжээч томилох, гэрч дуудах, тайлбар мэдүүлэг авах, нотлох баримт гаргуулах зэрэг бүрэн эрхтэй хянан шалгах түр хороо байгуулах” зэрэг ач холбогдол бүхий зохицуулалт орсон байна.


Харин миний боловсруулсан саналд, “УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож нэмэгдүүлэх, гишүүний бүрэн эрхийн хугацааг таван жил болгох, сонгуулийг холимог тогтолцоогоор тогтвортой явуулж байхаар тусгасан. Мөн УИХ-ын гишүүнийг Ерөнхий сайдаас бусад ажил, албан тушаал хавсран эрхлэхийг бүрэн хориглох, хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг хуульчлан тогтоох, улс төрийн намыг тавин мянга нэгээс доошгүй тооны иргэн нэгдэж байгуулах, намын гишүүний бүртгэл, өөрчлөлт болон намын удирдлага, удирдах дээд байгууллагын болон бусад дотоод сонгуулийг сонгуулийн төв буюу холбогдох сонгуулийн байгууллагад хариуцуулахаар санал дэвшүүлсэн. Мөн нам өмчгүй байх, намын орлого, зарцуулалт нийтэд ил тод байх” зэрэг парламентын засаглалыг улам бэхжүүлэх, ард түмний засаглах эрхийг хангах, иргэний үндсэн эрх, эрх чөлөөг бататган хамгаалах ач холбогдол бүхий шалгуур, шаардлага, журмыг тогтоосон нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар санал болгоод байна" хэмээв. 



Дараа нь УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга С.Бямбацогт хэлэлцүүлгийн дэгийг танилцуулав. Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн төслийн талаарх танилцуулга, мөн АН-ын зөвлөлийн саналыг танилцууллаа. 

Холбоотой мэдээ