Монголын ноолууран бүтээгдэхүүнийг БНХАУ-ын зах зээлд гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-07-23 13:33:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНХАУ-ын ноолуурын салбарын “Харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх нь” сэдэвт хамтарсан IV чуулга уулзалт өнөөдөр боллоо.

Чуулганыг нээж ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг орлон гүйцэтгэгч Т.Жамбалдорж хэлэхдээ, Монгол, БНХАУ дэлхийн ноолуурын 90 орчим хувийг гаргадаг томоохон бэлтгэн нийлэгч гэдгийг онцлов. Тиймээс олон улсын зах зээлд хамтарсан бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй байна гэсэн БНХАУ-ын талын саналыг дэмжин хүлээн авч буйгаа илэрхийлсэн юм.




Тэрээр, “Дэлхийн зах зээл дээр ноолуурын үнэ, чанарыг бууруулахгүйгээр, тогтвортой өсөлтийг хангах нь чухал байна. Түүхий эд бэлтгэх болон үйлдвэрлэлийн түвшинд байгаль орчинд ээлтэй байх, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулах болсон" хэмээв.

Уулзалтын талаар БНХАУ-ын Хүнс, байгаль, амьтны гаралтай бүтээгдэхүүн, худалдааны Танхимын ноолуур хариуцсан ерөнхий нарийн бичгийн дарга Тянь Хунаас тодруулбал, “Дэлхийн энэ том зах зээлд манай хоёр орон хамтран ажиллах боломж их. Хоёр орны ноолуурын салбарынхан олон удаа уулзсан. Энэ удаад ч мөн туршлага, ололт амжилт, давуу талаа харилцан судалж, дэлхийн зах зээлд гарах шийдлийг хэлэлцэж байна.


Дэлхийн зах зээлд гарахын тулд түүхий эд бэлтгэхээс эхлээд хамтарсан шинжилгээ судалгаа хийж, ноолуур боловсруулахад шинэ дэвшилэт технологи нэвтрүүлэх зэргээр хамтдаа хөгжинө” гэж байв. Үүний тулд нэн тэргүүнд мэдээлэл солилцож, Монголын ноолууран бүтээгдэхүүнийг БНХАУ-ын зах зээлд гаргахаа мэдэгдлээ.




Хэлэлцүүлгийн үеэр “Дэлхий зах зээл дэх ноолуурын тогтвортой хөгжил - Харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх нь”, “Бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо ба тогтвортой байдал”, “Монголын ноолуурын салбарын шинэчлэл хамтран ажиллах боломжууд”, “Ноолууран бүтээгдэхүүний  экспорт, импортын дүн шинжилгээ” илтгэлийг сонсов.


Байгальд ээлтэй тогтвортой ноолуурын үйлдвэрлэл, хоёр улсын ноолуурын салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хөгжүүлэх талаар зөвлөмж гаргаад байна. Зөвлөмжид:

  • Монгол Улсад ноос, ноолуурын томоохон хүчин чадалтай, эцсийн бүтээгдэхүүний хамтарсан үйлдвэр байгуулах 
  • ӨМӨЗО-ны Баяннуур хотын дэргэдэх “Аж үйлдвэрийн парк”-т Монголын компаниудыг ажиллуулах боломжийг нээнэ
  • Хятад улсын өндөр мэдлэг, дадлага туршлагатай инженер, техникийн ажилтнуудыг Монголд урилгаар ажиллуулах, Монголын инженер, техникийн ажилтан, ажиллагсдыг БНХАУ-ын үйлдвэр, компаниудад дадлага хийх, сургалтанд хамруулах,
  • “Монголын хаан ширхэгт” чанарыг гэрчлэх тэмдэгтэй бүтээгдэхүүнийг БНХАУ-ын зах зээлд сурталчлан таниулахад хамтран ажиллах

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ