Баян-Өлгийн багш нар ОХУ-д мэргэжил дээшлүүлэв

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-07-24 12:09:19

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын сургуулийн орос хэлний 15 багш, Ховд аймгийн долоон багш  долдугаар сарын 5-наас 19-нд ОХУ-ын Горно-Алтайскийн Улсын Их сургуульд мэргэжил дээшлүүллээ. 

"Баруун Монголын сургуулиудад орос хэлийг заах орчин үеийн арга барилууд" сэдэвт уг мэргэжил дээшлүүлэх сургалтыг "Русский мир" сангийн дэмжлэгээр хэрэгжүүлж буй "Монгол Улсын орос хэлний хичээлийн багш нарыг чадваржуулах" төслийн хүрээнд зохион байгуулсан байна. 

Хоёр долоо хоног үргэлжилсэн сургалтын явцад багш нар хичээлийн харилцан ярилцах, тоглоомын аргууд хийгээд ОХУ дахь хэл шинжлэлийн шинжлэх ухааны хөгжил зэрэг асуудлуудыг судалжээ.

Түүнчлэн танхимын сургалтаас гадуур эсгийгээс гар урлалын бүтээгдэхүүн хийх сургалт, Горно-Алтайск хотын нэгдүгээр лицей сургууль, В.К.Плакасын нэрэмжит улсын гүнзгийрүүлсэн сургууль, Горно-Алтайскийн Улсын Их сургуулийн Археологи, амьтан судлалын музей, А.В.Анохины нэрэмжит Үндэсний музейтэй танилцжээ.

Дашрамд дурдахад, хоёр орны найрсаг хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын Горно-Алтайскийн улсын Их сургууль болон Оросын соёл, шинжлэх ухааны төвийн Орос хэлний төвийн Баян-Өлгий аймаг дахь «Найзуудын ертөнц» /Мир друзей/ салбар хамтран сурагчдын дунд орос хэлний онлайн олимпиад, хэлний курс, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх сургалтуудыг сүүлийн жилүүдэд тогтмол зохион байгуулж байна.  

Холбоотой мэдээ