Түрээсийн орон сууцны барилга 88.7 хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-07-31 11:51:49
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Орхон аймагт баригдаж буй 315 айлын түрээсийн орон сууцны барилгын ажлын явцтай Засаг даргын орлогч С.Батжаргал, ГХБХБГ-ын мэргэжилтнүүд танилцлаа. Барилгын ажлыг “Очир Ундраа” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ажил 88.7 хувийн гүйцэтгэлтэй байна.

Барилгын ажлыг гүйцэтгэгч компани есдүгээр сарын эхээр улсын комисст хүлээлгэн өгөхөөр  ажиллаж байгаа ажээ. Дээрх  бүтээн байгуулалт нь есөн давхар таван блок барилгатай. Давхар тус бүр долоон айлтай. Орчин үеийн цахилгаан шат, домофон системтэйгээс гадна давхар бүрийг камержуулсан байна.   

Гэрээгээр “Очир Ундраа” ХХК  зургадугаар сарын 30-нд дээрх 315 айлын орон сууцыг ашиглалтад хүлээлгэн өгөх ёстой байсан. Ажил удааширч буй шалтгаан нь төвийн дулаанд холбохдоо хугацаа алдсан гэж компанийн инженер тайлбарлав. Одоогоор түрээсийн орон сууцанд орох иргэдийг Орхон аймагт бүртгэж эхлээгүй байна.

 

Холбоотой мэдээ