БНТУ-ын Үндэсний их хурлын дарга Мустафа Шентопын айлчлал өнөөдөр эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Турк Улс /БНТУ/-ын Үндэсний их хурлын дарга Мустафа Шентоп тэргүүтэй төлөөлөгчдийн Монгол Улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэлнэ.
Энэ сарын 31-нийг дуустал үргэлжлэх айлчлалаар, УИХ-ын дарга Г.Занданшатар, БНТУ-ын Үндэсний их хурлын дарга Мустафа Шентоп нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно. Мөн айлчлалын хүрээнд ноён Мустафа Шентоп Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзах юм.
Мөн тэрээр хоёр орны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан дурсгалын маркны нээлтэд оролцоно. Түүнчлэн Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн санхүүжилтээр Монголын Улсын Ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архивт хэрэгжсэн төслийн нээлтэд оролцох юм.
Хоёр улсын харилцаа, парламентын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлог аж.