Дээд Монгол, халимаг сурагчийг МУИС-д тэтгэлгээр суралцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunbold@montsame.gov.mn
2019-07-29 10:48:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Цахим Өртөө Сүлжээ"-ний 20 жилийн ойг тохиолдуулан “Цахим Өртөө Холбоо" ТББ-аас Монгол угсаа гаралтай нэг Дээд Монгол, нэг халимаг сурагчийг МУИС-д суралцуулах “Өртөө-МУИС “ тэтгэлэгт хөтөлбөр эхлүүллээ.

Хөтөлбөрийн зорилтот бүлэг нь ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын харьяалалтай халимаг түмэн, БНХАУ-ын баруун хойд бүст орших Чинхай /Хөхнуур/ мужийн харьяат дээд монголчууд байх ажээ. Тус бүр нэг ахлах сургууль төгсөгчид МУИС-ийн бакалаврын хөтөлбөрт суралцах бүтэн тэтгэлэг олгох бөгөөд Монгол хэлний бэлтгэл ангийг оролцуулаад нийт таван жил үргэлжилнэ.

Дэлхийн 60 гаруй улс оронд ажиллаж, сурч, амьдарч байгаа 10000 гаруй гишүүд, дэмжигчдийг цахим сүлжээгээр нэгтгэсэн, монголын хамгийн анхны цахим сүлжээ болох “Цахим Өртөө Сүлжээ”-г 1999 онд байгуулжээ. Уг сүлжээ дэлхийн өнцөг булан бүрт оршин суугаа монголчуудыг цахим ертөнцөөр нэгтгэн, тэдний авьяас чадвар, эрдэм мэдлэг, хамтын хүчийг эх орныхоо хөгжил дэвшилд үр өгөөжтэйгээр ашиглах зорилгоор ажиллаж ирсэн.

Цахим Өртөө Холбоо ТББ 2009 онд 10 жилийн ойгоо тэмдэглэхдээ Афганистан улсын иргэн, хазара үндэсний Мэгдад Салехи, Захра Бахш, Гулам Аббас нарыг МУИС-д бакалаврын хөтөлбөрт бүтэн тэтгэлэгтэйгээр суралцуулжээ. Одоогоор төгсөгч Захра Бахш нь АНУ-ын Массачуссетс дахь Кларкын их сургуульд магистрт суралцаж, Мэгдад Салехи Нью-Йоркт ажиллаж амьдарч, Гулам Аббас Швейцари улсад магистр хамгаалж, олон улсын байгууллагад амжилттай ажиллаж байна.


Цахим Өртөө - Монгол Улсын Их Сургуулийн нэрэмжит

Монгол туургатан оюутны тэтгэлэг 2019-2024 (II-р ээлж)


“Цахим Өртөө Сүлжээ"-ний 20 жилийн ойг тохиолдуулан “Цахим Өртөө Холбоо" ТББ-ын зүгээс 2019-2024 оны эрдмийн жилд хэрэгжих Цахим Өртөө – Монгол Улсын Их Сургуулийн нэрэмжит Монгол туургатан оюутны тэтгэлэг 2019-2024 хөтөлбөрийг зарлаж байгааг мэдэгдэхэд таатай байна.


ЗОРИЛТОТ БҮЛЭГ: Хөтөлбөрийн зорилтот бүлэг нь ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын харьяат халимаг түмэн, БНХАУ-ын баруун хойд бүст орших Чинхай /Хөхнуур/ мужийн харьяат дээд монголчууд байна. Тус бүр нэг ахлах сургууль төгсөгчид Монгол улсын нийслэл Улаанбаатар хот дахь Монгол Улсын Их Сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах бүтэн тэтгэлэг олгох бөгөөд хоёр горилогчид олгох тэтгэлэг нь Монгол хэлний бэлтгэл ангийг оролцуулаад нийт 5 жил үргэлжилнэ.


ТЭТГЭЛГИЙН ХЭМЖЭЭ: Цэвэр өрсөлдөөнөөр шалгаруулж олгох уг тэтгэлгийн сан нь тус бүр 100 сая хүртэлх төгрөгийн мөнгөн дүнгээс бүрдэнэ. Үүнд 5 жилийн сургалтын төлбөр (5 жилд ойролцоогоор нийт 14,000 ам.доллар), оюутны дотуур байр (жил бүр 1,700 ам.доллар), стипенд (сар бүр 500,000 төгрөг), номын төлбөр, оюутны амьдарч буй орноос Монгол улсад ирэх болон буцах нэг удаагийн замын зардал багтаж буй болно. Хичээлийн жилийн төгсгөлд тэтгэлэгт оюутан нь тухайн жилд тус тэтгэлгийг авснаар ямар амжилт гаргасан тухай тайлан бичиж, хамтран ажилласан, хандив өгсөн байгууллага, хувь хүмүүст танилцуулах болзол хүлээнэ.


ТЭТГЭЛГИЙН ЗОРИЛГО: Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн зорилгыг доорх байдлаар тодорхойлж байна:


 Ирээдүйд өөрийн улс орны удирдагчид, манлайлагчид болох хичээл сурлагадаа өндөр амжилт гаргасан ахлах сургууль төгсөгч монгол туургатан залуусыг Монгол улсад суралцуулах;

 Тэтгэлэгт шалгарсан залуусыг орчин үеийн Монгол улсын нийгэм, соёл, үнэт зүйлстэй танилцах боломжийг олгох;

 Халимаг, Дээд Монгол, Монгол түмний эв нэгдлийг бэхжүүлэх зорилго дор тэтгэлэгт оюутнууд нь насан туршид тус тусын улс орны Монгол угсаат ард зоныг Монголын ард түмэнтэй харилцан холбох элч төлөөлөгч болох үйлст дэмжлэг үзүүлэх;

 Тэтгэлэгт оюутнуудын эрдмийн амжилт, хувь хүний хөгжлийг дэмжих;


Монголын өв соёл, түүх, нийгмийн тухай гүн гүнзгий мэдлэгийг олсон, ирээдүйн удирдагчдын хувьд Цахим Өртөө – Монгол Улсын Их Сургуулийн нэрэмжит тэтгэлэгт оюутнууд нь Монгол, Дээд монгол, Халимагийн ард түмэн, засгийн газар, институтын харилцаа холбоог бий болгоход үнэтэй хувь нэмрээ оруулах юм. Тэтгэлэгт оюутнууд нь авьяаслаг, бие даах чадвартай, сонирхлын цар хүрээ өргөнтэй байх бөгөөд суралцах ахуйдаа мэдлэг боловсролын болон хувь хүний хувьд хөгжих боломжоор хангагдана.


Хэн өргөдөл гаргах боломжтой вэ?


Тэтгэлэгт өргөдөл гаргагч нь 17-19 настай байх ёстой. Хэрэв та ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын харьяат халимаг, БНХАУ–ын Чинхай буюу Хөхнуур мужид амьдардаг дээд монгол бөгөөд тэтгэлэг зарлагдах үед Ерөнхий Боловсролын Сургуулийг сурлагын өндөр амжилттай дүүргэж төгссөн, Монгол Улсын Их Сургуульд олгогдож буй мэргэжлийн ангиуд нь таны хэтийн зорилго, боловсролын ашиг сонирхлыг хангаж буй бол уг тэтгэлэгт хамрагдах өргөдлийг гаргах бүрэн бололцоотой. Горилогч нь дараах шалгуурыг хангах ёстой:


 Голч дүн 3.00 -aaс багагүй (GPA 4.0 систем);

 Нийт төгсөгчдийн сурлагын жагсаалтад эхний 20%-д багтсан байх;

 Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх;

 Тэтгэлгийг үргэлжлүүлэн авах эрх: Суралцах хугацаандаа 3.0 голч дүнг хадгалж, доод тал нь 12 кредит цагийн хичээлд сууж байх болзлыг хангана.


Сургалтын хөтөлбөр

 

Tэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд БНХАУ–ын Чинхай /Хөхнуур/ мужийн дээд монголчуудаас монгол судлалын чиглэлээр МУИС-ийн сургалтын дараах хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой. Үүнд:

 Шинжлэх Ухааны Сургууль:

 Антропологи, Археологи, Түүх, Шашин судлал, Хэл, уран зохиол (Монгол)

 

ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын харьяалалтай халимагчуудаас байгалийн ухаан, инженер технологийн чиглэлээр МУИС-ийн сургалтын дараах хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой. 

Үүнд:

 Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургууль:

Электроник, Мэдээллийн систем, Мэдээллийн технологи, Програм хангамж, Сүлжээний технологи, Компьютерийн сүлжээ, Компьютерийн ухаан, Сэргээгдэх эрчим хүч, Био-инженерчлэл, Материал судлал, Наношинжлэх ухаан, инженерчлэл, Химийн инженерчлэл, Хүрээлэн буй орчны инженер, Цөмийн инженерчлэл;


Шинжлэх Ухааны Сургууль:

 Математик, Физик, Хими, Биологи, Биохими, Биотехнологи, Биологийн нөөцийн менежмент

Газарзүй, Геологи, Геофизик, Экологи


Хэрхэн өргөдөл гаргах вэ?


Өргөдөл гаргахдаа дараах бүх материалыг монгол, англи, орос, хятад хэлний аль нэг хэлээр бүрдүүлж, хавсаргах шаардлагатай. Үүнд:

 Цахим Өртөө – МУИС-ийн нэрэмжит оюутны тэтгэлэг хүсэгчийн маягт;

 Олгосон сэдвийн дагуу бичсэн хувийн эссэ;

 Ахлах сургуулийн дүн, дипломын албан ёсны хуулбар;

 Хоёроос цөөнгүй багш эсвэл сургуулийн удирдлагын тодорхойлолт (итгэмжит захидал);

 Эцэг/эх, гэр бүлийн гишүүдийн хэн нэгний бичсэн тодорхойлолт (итгэмжит захидал);

 Паспорт, иргэний үнэмлэхийн хуулбар;

 Сүүлийн 6 сарын дотор татуулсан паспортын хэмжээтэй цээж зураг /цахим хувилбар/;


Өргөдөл гаргахад үнэ төлбөргүй болохыг анхаарна уу. Өргөдлийн маягт, бусад мэдээллийг: www.tsahimurtuu.org болон www.num.edu.mn хаягаас татаж авна уу.


Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа


Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа нь 2019 оны 08 сарын 11 ний өдрийн 24:00 цаг (UTC +08:00 Ulaanbaatar) байна. Өргөдлийн бүх материалыг scholarship@tsahimurtuu.org цахим шуудангийн хаягаар дээр дурдсан хугацаанаас өмнө ирүүлсэн байх ёстой болохыг анхаарна уу. Хэрэв өргөдлийн материал нь хүндэтгэх шалтгаанаар хоцорсон бол Оюутны тэтгэлгийн комиссоос хоцорсон өргөдлийг хүлээн авах шийдвэр гаргаж болно.


Шалгаруулалтад нөлөөлөх хүчин зүйлс


Оюутны тэтгэлгийн комисс нь тухайн горилогчийн МУИС-д суралцах чин хүсэл эрмэлзэл, суралцах төлөвлөгөө, сурлагын амжилтын байдал, нийгмийн идэвхи, хувийн бусад амжилтыг үндэслэн шийдвэр гаргана.


Оюутны тэтгэлгийн комиссын шийдвэр


Өргөдлийг хүлээн авсан тухай мэдэгдлийг тухайн горилогчийн цахим шуудангаар хариу бичиж мэдэгдэнэ. Улс бүрээс 5 хүртэлх тооны горилогч шигшигдэж, хоёр дахь шатны цахим ярилцлагад уригдана. Тэтгэлэгт шалгарсан горилогчийн нэрсийг 2019 оны 08 сарын 15-ны өдөр Оюутны тэтгэлгийн комиссоос зарлах бөгөөд албан ёсны мэдэгдэл нь Цахим Өртөө Холбооны www.tsahimurtuu.org болон МУИС-ийн www.num.edu.mn цахим хуудаст нийтлэгдэх болно. Оюутны тэтгэлгийн комисс нь бүх горилогчийн өргөдөлд хянуур, хичээнгүй хандах бөгөөд шийдвэр гаргасан тохиолдолд бүх шийдвэр нь эцсийн байна.

Холбоотой мэдээ