УЕП-ын архивт 103 мянга гаруй хэргийн материал хадгалж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-07-29 21:27:48
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архивт тусламж үзүүлсэн Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн төслийн нээлтэд манай улсад айлчилж буй БНТУ-ын Үндэсний их хурлын дарга Мустафа Шентоп оролцов. 


Эрүүгийн хэргийн төв архивын эрхлэгч прокурор З.Чимгээ зочдод төслийн хэрэгжилт болон тус архивын үйл ажиллагааны талаар товч танилцуулав. Тэрбээр, "Улсын Ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архивыг нь 2003 онд байгуулсан бөгөөд 2019 оны байдлаар, 103 460 гаруй эрүүгийн хэргийн материал хадгалж байна. Жил бүр дундажаар 5000-7000 материал нэмэгддэг. 2016 оны 10 дугаар сараас шинэ байртай болсон ч зориулалтын тавиур шүүгээгүй байсан нь олон хүндрэлийг үүсгэсэн. Ингээд ТИКА-ийн буцалтгүй тусламжаар дөрөвдүгээр сард 400 ширхэг архивын зориулалтын нягтаршуулсан шүүгээ, тавиуруудыг суурилуулан ажиллаж байна" гэв. 


Улсын Ерөнхий Прокурорын орлогч М.Чинбат уг төсөл амжилттай хэрэгжсэнээр прокурорын байгууллага хэвийн ажиллахад чухал ач холбогдолтой болсон гэдгийг тэмдэглээд, архивын материалыг стандартын дагуу хадгалж, хамгаалах боломж олгосон ТИКА-ийн хамт олонд талархал илэрхийлэв. 



Ноён Мустафа Шентоп хэлэхдээ, “Би өөрөө хуульч мэргэжилтэй учир хэргийн материалыг хадгалж, хамгаалах нь ямар чухал болохыг мэднэ. ТИКА-аас дэлхийн олон улсад төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад 45 орчим сая ам.долларын санхүүжилтээр 600 гаруй төслийг хэрэгжүүлжээ. ТИКА бол манай улсын нэг “брэнд” болжээ. Дэлхийн өнцөг булан бүрт биднийг ТИКА-аар таньдаг болсонд сэтгэл хангалуун байна” гээд цаашид хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн юм. Төлөөлөгчид үргэлжлүүлэн Эрүүгийн хэргийн төв архивын үйл ажиллагаатай танилцлаа.



Энэхүү үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан, Улсын Ерөнхий Прокурорын орлогч М.Чинбат, С.Алиманцэцэг, Хэрэг Эрхлэх газрын даргын үүргийг орлон гүйцэтгэгч М.Оюундэлгэр, Эрүүгийн хэргийн төв архивын эрхлэгч прокурор З.Чимгээ, БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язал, Туркийн Үндэсний Их Хурлын дэд дарга Митхат Санжар, Туркийн Үндэсний Их Хурлын гишүүн, ҮИХ дахь Турк-Монголын парламентын бүлгийн дарга Мехмет Эрдоган, Туркийн Үндэсний Их Хурлын гишүүн Бүлэнт Туран, Өзлэм Зэнгин, Мухаммед Лэвэнт Бүлбүл, Осман Ашкын Бак, Исмайл Тамер, Фатма Аксал, Эминэ Гүлизар Эмэжан, Аяхан Алтынташ, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч Эмрах Устаөмэр болон албаны бусад хүмүүс оролцлоо.


Холбоотой мэдээ