Зүүн Хойд Азид дэгдсэн худалдааны дайн сунжрах төлөвтэй

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2019-07-31 16:43:27

 


Японы засгийн газар энэ долоо хоногт Өмнөд Солонгосыг экспортын найдвартай түншүүдийн “цагаан жагсаалт”-аас хасах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх гэж байна. Уг жагсаалтад орсон улс орнууд нь хөнгөлөлттэй нөхцлөөр, хялбаршуулсан журмын дагуу Японоос бараа материал худалдан авдаг ажээ. Хэрвээ Өмнөд Солонгосыг дээрх жагсаалтаас хасах аваас хагас дамжуулагч материалуудыг тус улсад нийлүүлдэг Японы компаниуд экспортын гэрээ хэлцэл хийх бүртээ зөвшөөрөл авдаг болох бөгөөд уг үйл явц 90 хоног хүртэл үргэлжлэн сунжирч мэдэхээр байна. Энэ тохиолдолд Өмнөд Солонгосын эдийн засагт ноцтой хохирол учирч мэдэхээр байна.


Асуудлыг тодруулбал, фторжуулсан полиимид, фоторезист, фторт устөрөгч гэсэн гурван төрлийн материалыг Өмнөд Солонгост нийлүүлэхэд тусгай зөвшөөрөл олгох тухай асуудлыг Японы эрх баригчид 7 дугаар сарын 1-нээс эхлэн ярих болсон юм.  Эдгээр нь чип болон ухаалаг гар утасны дэлгэц хийхэд ашигладаг өндөр технологийн чухал материалууд ажээ. Эдгээрээр хийсэн зарим эд ангиудыг Умард Солонгост нууцаар нийлүүлдэг байж магадгүй, улмаар тэдгээрийг үй олноор устгах зэвсэг үйлдвэрлэхэд ашигладаг байж болзошгүй хэмээн болгоомжилж байгаагаа Японы тал илэрхийлсэн бол Өмнөд Солонгосын эрх баригчид үүнийг эрс няцаасан байна.



Бага зэрэг хэтрүүлж хэлбэл, 7 дугаар сарын эхээр хоёр орны хооронд гэнэт дэгдсэн эдийн засгийн сөргөлдөөн нь Америк-Хятадын худалдааны дайны дуулианыг хүртэл хэсэг зуур дарж мартагнуулсан гэж болно. Түүхэнд болсон таагүй үйл явдлуудаас улбаатай зөрчил байсаар байгаа боловч Япон, Өмнөд Солонгос хоёр үеэ өнгөрөөсөн милитарист үзэл санаанаас ангижирсан учраас түүхийн асуудлаас үүдэн хоёр улсын хооронд худалдааны дайн дэгдэнэ гэдгийг хэн ч төсөөлж байсангүй.


Сөргөлдөөн юунаас эхтэй вэ?


Энэ удаагийн сөргөлдөөн өнгөрсөн оны намар БНСУ-ын Дээд шүүхийн гаргасан шийдвэрээс үүдэлтэй. 1910-1945 оны үед япончууд Солонгосын хойгийг эзлэн захирч байсан бөгөөд энэ хугацаанд олон сая солонгосчууд Японы компаниудад үнэ хөлсгүйгээр ажиллаж, нэг ёсондоо боолын хөдөлмөр эрхэлж байжээ. Дээд шүүхийн шийдвэрт зааснаар бол, Японы компаниуд Дэлхийн II дайны үед тухайн компанид ажиллаж байсан солонгос хүн тус бүрт 89 мянган долларыг нөхөн төлбөр хэлбэрээр олгох ёстой аж. Харин Японы тал уг шийдвэрийг хүлээн аваагүй тул Өмнөд Солонгосын шүүх Nippon Steel компанийн хувьцааг хураан авч, борлуулахаар шийдвэрлэжээ. Дайны жилүүдээд солонгосчуудыг боолчлон мөлжиж байсан Японы Mitsubishi Heavy Industries болон бусад компаниудын талаар ч мөн ийм шийдвэр гаргасан байна.


Харин Японы тал үүнийг эрс эсэргүүцэж, “боолчлол”-той холбоотой асуудал аль эрт 50 гаруй жилийн өмнө буюу 1965 онд шийдэгдсэн гэж үзсээр байна. Тухайн үед Японы засгийн газар 500-800 сая доллар буюу одоогийн ханшаар 2 тэрбум гаруй долларын нөхөн төлбөрийг Өмнөд Солонгосын талд олгосноор асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн аж.


Ер нь бол, япончууд 1910-1945 онд Солонгосын хойгийг колоничилж байх үеэс үүдэлтэй олон зөрчилтэй асуудал өнөөг хүртэл шийдэгдээгүй байгаа билээ. Тухайлбал, дэлхийн II дайны үед солонгос  эрчүүд Японы армид татагдан тулалдаж байсан, Японы компаниуд солонгосчуудыг үй олноор нь боол мэт дайчлан ажиллуулж байсан асуудал, дайны үед бэлгийн боолчлолд өртөж байсан “зугаацуулагч эмэгтэйчүүд” гэгддэг солонгос бүсгүйчүүдийн асуудал гэх мэт.


Түүнээс гадна газар нутгийн маргаан ч бий. Жишээ нь, Япон ба Солонгосын хойгийг тусгаарлаж буй тэнгисийг Япон тэнгис гэж нэрлэхийг өмнөд солонгосчууд хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд уг тэнгисийг “Зүүн тэнгис” гэж нэрийддэг. Харин тус тэнгис дэх Лианкур гэдэг арал нь дэлхийн II дайнаас хойш Өмнөд Солонгосын эзэмшилд байгааг япончууд хүлээн зөвшөөрдөггүй.


Худалдааны дайнаас учрах эрсдэлүүд


Япончууд нийлүүлэлтэнд хориг тавихдаа түүхэнд нэгэнт болоод өнгөрсөн үйл явдлуудтай холбож тайлбарлахгүй гэдэг нь ойлгомжтой. Учир нь, түүх ба эдийн засгийг хооронд нь хольж хутгах нь Дэлхийн Худалдааны байгууллагын дүрмийг зөрчиж буй хэрэг юм. Өмнөд Солонгосын тал тус байгууллагад аль хэдийнэ гомдлоо гаргасан бөгөөд уг гомдлыг барагдуулахад дор хаяж бүтэн жилийн хугацаа шаардагдах төлөвтэй. Энэ хугацаанд Өмнөд Солонгосын электроникийн салбар ямар байдалтай байхыг төсөөлөхийн аргагүй.     


Ийм учраас Токиогийн эрх баригчдын гаргах гэж буй дээрх шийдвэр нь өмнөд солонгосчуудыг сандралд орууллаа. Учир нь, чипний үйлдвэрлэл тус улсын эдийн засгийн ¼-ийг бүрдүүлдэг байна. Харин Япон улс дээр дурдсан гурван материалын 70-90 хувийг дангаараа үйлдвэрлэдэг аж. Хэрвээ япончууд  шийдвэрээ гаргаж, нийлүүлэлтээ 30 хувиар хязгаарлахад Өмнөд Солонгосын ДНБ 35 тэрбум доллар буюу 2,2 хувиар буурна гэсэн тооцоог Солонгосын Эдийн засгийн судалгааны хүрээлэн хийжээ. Ялангуяа Өмнөд Солонгосын Samsung, SK Hynix зэрэг тэргүүлэгч компаниуд хүнд цохилт амсах ба эдгээр компаниудаас эд ангиуд худалдан авдаг Америкийн Apple, Хятадын Huawei зэрэг компаниудын үйл ажиллагаа доголдох нь тодорхой. Өмнөд Солонгосын энэ хоёр компани DRAM чипний 70 хувь, NAND чипний 50 хувийг тус тус үйлдвэрлэдэг бөгөөд одоогоор дээрх 3 төрлийн химийн материалын 3-4 сарын нөөцтэй байгаа аж.


Үүний сацуу япончуудын гаргах гэж буй шийдвэр нь өөрсдөд нь мөн адил эрсдэл учруулах төлөвтэй. Учир нь, Өмнөд Солонгос бол Японы хувьд экспортынх нь 3 дахь том зах зээл бөгөөд өнгөрсөн оны дүн мэдээгээр, Японоос тус улсад 53,5 тэрбум долларын бүтээгдэхүүн нийлүүлсэн байна. Ийм том зах зээлийг алдвал япончууд томоохон хохирол амсана. Нөгөөтэйгүүр, худалдааны дайн болно гэсэн дуулианаар маш олон солонгосчууд эсэргүүцлээ илэрхийлэн, Япон руу нисэхээр худалдан авсан тийзээ хүчингүй болгуулаад эхэлжээ. Гэтэл Японд ирж буй жуулчдын 13 хувийг өмнөд солонгосчууд эзэлдэг байна. Үүний сацуу, нийгмийн сүлжээнд #BoycottJapan гэсэн хэштег бүхий кампанит ажил өрнөжээ. Эгнээндээ 23 мянган дэлгүүрийг нэгтгэдэг Солонгосын Супермаркетуудын холбоо Японд үйлдвэрлэсэн барааг зарахаа зогсоосон бол хувиараа худалдаа эрхлэгчид уг эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдсэн байна. 

Даамжирч буй сөргөлдөөн нь түүхийн асуудлаас хальсан үйл явдал хэмээн Оросын “Инстант Инвест” компанийн шинжээч А.Тимофеев үзэж байна. Сүүлийн 20 жилийн хугацаанд өндөр технологийн салбарт Өмнөд Солонгосын Самсунг компани тэргүүлж байгаа бол үүнээс өмнө Японы “Сони” корпораци уг салбарт манлайлагч байсан билээ. Ийм учраас япончууд Өмнөд Солонгост дээр дурдсан 3 материалыг нийлүүлэхээ хязгаарлах замаар алдсан байр сууриа сэргээх гэж оролдож байж магадгүй гэсэн дүгнэлтийг шинжээч хийжээ.  


Япон-Өмнөд Солонгосын “худалдааны дайн” нь дэлхийн хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн салбарт ихээхэн хохирол учруулж, бидний өдөр тутмын чухал хэрэглээ болсон ухаалаг гар утасны үнэ өсөхөд хүргэж магадгүй юм. Дээр дурдсан өндөр технологийн материалын үйлдвэрлэлээр дэлхийд илт давамгайлдаг япончууд нийлүүлэлтээ хязгаарласан тохиолдолд Өмнөд Солонгосын компаниуд Америкийн Dow Chemical химийн компани болон Хятадын нийлүүлэгчидтэй тохиролцоонд хүрэх боломж бий. Гэхдээ нийлүүлэлтийн шинэ эх үүсвэр олж авахад багагүй хугацаа шаардагдана.


Америкчууд зуучлагчийн үүрэг гүйцэтгэхгүй  


Сөргөлдөгч хоёр талын хоёулангийнх нь хувьд гол холбоотон болох АНУ тэднийг эвлэрүүлэх гэж огт яарахгүй байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Азийн асуудал эрхэлсэн орлогч Дэвид Ситвэлл мэдэгдэхдээ “манай улс маргаанд зуучлагчаар оролцохгүй бөгөөд Токио, Сөүл хоёр бүс нутагт хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэхэд гол анхаарлаа төвлөрүүлэхийг хүсч байна” гэжээ.


Хэдхэн хоногийн өмнө Токио болон Сөүлд айлчилсан АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Жон Болтон хэлэхдээ “сөргөлдөөнийг зохицуулахад Вашингтон оролцох хүсэлгүй байна, ямартаа ч энэ маргаан зөрчил нь гурван улсын холбоотны харилцаанд нөлөөлөх ёсгүй, япончууд ба өмнөд солонгосчууд өөрсдөө асуудлаа зохицуулаасай гэж хүсч байна” гэлээ. Мөн 7 дугаар сард Токио болон Сөүлд айлчилсан Ерөнхийлөгч Д.Трамп тухайн асуудлаар ямар нэгэн тайлбар хийсэнгүй. Гэтэл өмнө нь буюу хамгийн сүүлд 2015 онд Япон, Өмнөд Солонгосын хооронд дэгдсэн маргааныг зохицуулахад Ерөнхийлөгч асан Барак Обама зуучилж байсан билээ.


Дүгнэлт 


Хоёр талын харилцаа хэвийн байдалд орно гэсэн найдлага одоогоор төрөхгүй байгаа бөгөөд ихэнх шинжээчдийн үзэж байгаагаар, худалдааны дайн үргэлжлэх төлөвтэй байна. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар 9 дүгээр сард болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит чуулган, 10 дугаар сард болох АСЕАН-ы Дээд хэмжээний уулзалт, 11 дүгээр сард болох АПЕК буюу Ази-Hомхон далайн бvс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтанд оролцох боловч энэ үеэр тэд хоорондоо уулзаж, худалдааны дайныг зогсоох асуудлыг хэлэлцэх эсэх нь эргэлзээтэй гэж Японы “Санкэй” сонинд бичжээ.


Б.Адъяахүү  

Эх сурвалжууд: ca-news.org /Төв Азийн мэдээний алба/

                         quote.rbc.ru

    





 

Холбоотой мэдээ