Монголд эмчлэх боломжгүй өвчнийг гадаадад эмчлэх зардлыг төр хариуцахыг хүслээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
ariunbold@montsame.mn
2016-04-05 13:00:35

“Хавдаргүй Монгол хөдөлгөөн”-өөс иргэдийн эрүүл орчинд амьдрах эрхийг хамгаалах зорилгоор бүх нийтийг эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэгт хамрагдах зардал болон Монголд эмчлэх боломжгүй өвчнийг гадаадад эмчлэх, оношлох зардлыг төр бүрэн хариуцахыг уриалж, төрийн гурван өндөрлөгт ил захидал хүргүүлэх болжээ.

ХСҮТ-өөс гаргасан судалгаагаар өнгөрсөн онд 5777 хүн хорт хавдраар өвчилснөөс 3999 нь нас барсан байна. Харин 300 хүн Монголд эмчлэх, оношлох боломжгүй өвчнөөр өвдсөн байна. ДЭМБ-ын тооцооллоор цаашид энэ тоо улам бүр өсөх хандлагатай байгаа аж.

Тиймээс Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо (МХЭАХННХ)-ноос “Хавдаргүй Монгол хөдөлгөөн”-ийг санаачилсан. Тус хөдөлгөөн нь нийтийг эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэгт хамрагдах зардал болон Монголд эмчлэх боломжгүй өвчнийг гадаадад эмчлэх, оношлох зардлыг төр бүрэн хариуцах хүсэлтийг холбогдох албаны хүмүүст хүргүүлжээ. Үүнд нийт 30 тэрбум төгрөг шаардлагатай аж. Ингэснээр хорт хавдраар өвчилсөн бол түүнийгээ эрт илрүүлэх, эмчлэх боломж бүрдэж, нас барагсдын тоо 50-80 хувиар буурах юм. Гэвч өнгөрсөн хугацаанд энэ чиглэлээр ямар нэгэн шийдвэр гаргаагүй тул төрийн гурван өндөрлөгт хандан ил захидал илгээх болсон хэмээн МХЭАХННХ-ноос мэдээлэв.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ