Технологийн дэвшлийг харуулсан виртуал музейтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-08-02 11:36:16

Хэнтий /МОНЦАМЭ/. Түүхт 70 жилийн ойгоо тэмдэглэж буй Хэнтий аймгийн музейн байгууллага технологийн дэвшил бүхий виртуал музейтэй боллоо.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл, урлагийн газраас дэмжлэг үзүүлснээр Монголын үндэсний музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Богд Хааны ордон музей, Эрдэнэзуу музей, Хэнтий аймгийн музейд орчин үеийн дэвшилтэт виртуал музейн тоног төхөөрөмж нийлүүлжээ.

Цаасан хэвлэлээс илүүтэй цахимаар хэрэгтэй мэдээллээ авч, хэрэгтэй номоо утсандаа суулгах орчныг илүүд үзэх болсон энэ цаг үед иргэд дууны нөлөө бүхий компьютер график хослуулсан (виртуал) бодит гэмээр орчинд аялж түүхийн хосгүй үнэт эд өлгийн зүйлс, соёлын өвтэй танилцах боломжийг олгожээ. 

Иргэдийн мэдлэгийн санд хөрөнгө оруулах зорилгоор Улаанбаатар хот дахь үлэг гүрвэлийн сантай хамтран зүүн дөрвөн аймагт анх удаа үлэг гүрвэлийн нүүдлийн үзэсгэлэнг дэлгэсэн байна. Түүнчлэн хурдан морины уралдаан, гэрэл зураг, уран зургийн үзэсгэлэн, бөхийн барилдаан, ардын урлагийн наадам, шоу үзүүлбэр зэрэг олон төрлийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Хэнтий аймгийн музей тун удахгүй бие даасан үлэг гүрвэлийн музейтэй болохоор төлөвлөжээ. Шинэ музейн барилгын зураг төсөв бэлэн болсон бөгөөд удахгүй барилгын ажил эхлэх гэнэ.

Холбоотой мэдээ