Эрүүл орчин бүрдэхгүй байгааг тэргүүлэгчид шүүмжлэв

Орон нутагт | Өвөрхангай
erdenechimeg@montsame.mn
2016-04-05 16:52:24

“Эрүүл хот, сум, баг, айл өрх бий болгох” аймгийн дэд хөтөлбөрийн явцтай ИТХ-ын Тэргүүлэгчид танилцлаа. Уг хөтөлбөр 2012-2016 он дуустал хэрэгжих ба аймгийн Засаг даргын захирамжаар Орон нутгийн зөвлөл байгуулагдан 6 зорилт бүхий төлөвлөгөөг гүйцэтгэж байгаа юм.

Хөтөлбөрийн үр дүнд 2016 оны байдлаар эрүүл мэндийг дэмжигч байгууллага нийт 26 байгаагийн 73 хувийг боловсролын салбар эзэлж байна. Эрүүл мэндийг дэмжигч айл өрх аймгийн хэмжээнд нийт 62 байгаа бол улсын хэмжээний эрүүл мэндийг дэмжигч нэг байгууллагатай болжээ. Эрүүл, аюулгүй байдлыг хангаж, эко орчин бүрдүүлсэн айл өрх, албан байгууллага олон болж, хөтөлбөрийн хэрэгжилт 94,7 хувьтай байна.

Гэсэн хэдий ч эрүүл зан үйл, дадал хэвшилд иргэд, аж ахуйн нэгжүүд бүрэн хэвшээгүй болохыг Тэргүүлэгчид шүүмжилж, хөтөлбөрийн хэрэгжилт 94 хувьд хүрсэнд үнэмшихгүй байгаагаа хэллээ. Тодруулбал аймгийн хэмжээнд архидалт, тамхидалт их, хүнсний эрүүл ахуйг хангах наад захын мэдлэг боловсрол дутмагаас байнга хуванцар сав суулга хэрэглэж байгаа, үүнд анхаарч ажиллах ёстой салбар дундын уялдаа холбоо муу гэж байлаа.

“Эрүүл хот, сум, баг, айл өрх бий болгох” аймгийн дэд хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхийн тулд нэн тэргүүнд эрүүл, аюулгүй, эко орчин бүрдүүлэлт болон эрүүл мэндэд хор уршигтай зүйлийн талаар хэвлэл мэдээллээр сайн сурталчилж, бизнес эрхэлж буй иргэдтэй нягт уялдаа холбоотой ажиллахыг ажлын хэсгийнхэнд санал болгосон юм.

Өвөрхангай Б.Батчимэг       

Холбоотой мэдээ