Эрдэмтэд газар дэлхийгээ сүйтгэхгүй байхыг уриаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
yesukheitumur@montsame.gov.mn
2019-08-08 18:35:50
Yesukheitumur Tumurbaatar

БЕРН. /BBC/. Дэлхийн гадаргууд учруулж буй хор хөнөөлийг эрс буруушаасан эрдэмтдийн тайланг НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын зөвлөлд танилцуулжээ.


Эрдэмтдийн үзэж байгаагаар, хөрсний доройтол, цөлжилт, ой сан устах, зэрлэг ан амьтан ховордох болсон нь бүгд хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой ажээ. Мөн уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлаас зайлсхийхийн тулд дэлхийд учруулж буй хор хөнөөлийг даруй зогсоох ёстой гэж тэд анхаарууллаа.


Ургамал, ногоогоор бүрхэгдсэн онгон байгаль биднийг хэт халалтаас хамгаалдаг. Учир нь ургамал ногоо нь агаарыг халаадаг нүүрс хүчлийн давхар ислийг өөртөө шингээн, дараа нь хөрсөн шингээдэг байна.


Швейцарын Женев хотод болсон уулзалтын үеэр эрдэмтдийн хэлснээр, фермерийн аж ахуй, газар тариалангийн салбар нь нүүрс хүчлийн давхар ислийн ялгаруулалтыг эрчимтэй нэмэгдүүлж байгаа гол хүчин зүйл болж байна. Хүлэмжийн хийн ялгаруулалтын гуравны нэг нь газар ашиглалттай шууд холбоотой гэж тэд тооцоолжээ. Ингэснээр газар нь өв хөрөнгө бус нүүрс хүчлийн хий ялгаруулах эх үүсвэр болж хувирсан гэж эрдэмтэд хэлэв.

Холбоотой мэдээ