Баруун бүсийн төвд томоохон үйлдвэржилт, хотжилт эрчимтэй хөгжих нөхцөл бүрдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-04-05 21:55:57

Ховд аймгийн ИТХ-ын дарга Б.Баярсайхантай  уулзаж  дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажил, аймаг орон нутгийн өнөөгийн  хөгжлийн явцын талаар   ярилцлаа.

-Та  2012 оноос хойш аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж буй дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлуудаасаа товч  дүгнэж хэлнэ үү?

-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд улс орны эдийн засгийн өсөлт буурсан, гадаадын шууд хөрөнгө оруулалт багассан. Ер нь хүндхэн жилүүд байлаа. Гэсэн хэдий ч аймгийн ИТХ, Засаг даргаас ирээдүйн хөгжлийн бодлогыг оновчтой тодорхойлж орон нутгийн хөгжилд эрс шинэчлэл хийсэн жилүүд болж өнгөрлөө.

Бидний дэвшүүлсэн бодлогыг дэмжсэн бүтээлч хөдөлмөрчдийн хөдөлмөрийн үр дүнд хот суурин газруудын авто зам, орон сууц, барилга байгууламжийн өнгө төрх өөрчлөгдөж, иргэдийн ая тухтай амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлсэнд аймгийн ард иргэд талархалтай байна. Аймгийн нийгэм эдийн засгийн  хөгжилд шинэчлэлт хийж 2015-2025 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг боловсруулж баталлаа.

Аймгийн төв, сумуудын төвүүд гэрэл цахилгаан, зам талбай, цэцэрлэг ногоон байгууламж, дулаан, цахилгааны эх үүсвэр, орон сууц, шинэ хороолол, худалдааны төвүүд, зочид буудлууд зэрэг шинээр  хийж бүтээсэн  олон бүтээн байгуулалтуудыг бид харж  байна.

Олон жил улс төржүүлж ирсэн Хөшөөтийн уурхайг ажиллуулж, Ховд аймаг үндсэндээ түүхэнд анх удаа их хэмжээний  нүүрс экспортлон гаргаж байна.

2015 онд 300 гаруй мянган тонн нүүрс экспортлосон бол 2016 онд нэг сая тонн нүүрс экспортлох зорилттой ажиллаж байна

Эрдэнэбүрэн усан цахилгаан станцыг байгуулах ажлыг санаачилж, техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчин нөлөөллийн үнэлгээг хийж, энэ дөрөвдүгээр сараас эхлэн хөрөнгө оруулалтыг сонгон шалгаруулах ажлыг эхлүүлж байна. Ингэснээр манай аймаг баруун бүс нутгийг хямд өртөгтэй эрчим хүчээр 100 хувь хангах суурь нөхцлийг  бүрдүүллээ.

Мөн Буянт суманд баригдах Цементийн үйлдвэр байгуулах ажил техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчны үнэлгээ дүгнэлт болон бусад асуудлыг боловсруулж хөрөнгө оруулагчийг олж гэрээ хэлцэл байгуулаад байна.

Ингэснээр Ховд аймаг барилгын материалын үйлдвэр хөгжиж энэ төрлийн бүтээгдэхүүний өртөг зардал буурах юм.

Ховд аймгийг дайран гарах хэвтээ болон босоо тэнхлэгийн олон улсын авто зам болон Улаанбаатар хоттой холбох авто замын ажлыг эрчимтэй явуулж нийт .явуулж  Монгол улсын хэмжээнд нийт 5000 гаруй км хатуу хучилттай автозамын 20 Орчим хувь буюу 5 км зам тутмын 1 км зам  зам ашиглалтанд орлоо.

Эдгээр дэд бүтэц, барилгын салбарт хийсэн томоохон бүтээн байгуулалтуудыг  хорь, гучин  жилийн турш  биш, хоёр гуравхан жилийн хугацаанд  хийж гүйцэтгэсэн нь   аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг Даргын Тамгын Газар, сум орон нутгийн удирдлагууд төдийгүй нийт ховдчуудын  хамтын хөдөлмөр, уйгаггүй зүтгэлийн үр дүн юм.

-Таны хувьд  Ховд аймгийнхаа  хөгжлийн ирээдүйг ямар байдлаар төсөөлж байна вэ?

-Мэдээжийн хэрэг аймаг орон нутгийн хөгжлийн бодлогыг тодорхойлох ажилд дөрвөн  жил оролцож, хамтран ажиллаж байгаагийн хувьд өөдрөгөөр харж, сэтгэл хангалуун байдаг.

Ирэх жилүүдэд манай аймагт Эрдэнэбүрэн УЦС ашиглалтанд орсноор Баруун бүсийн эрчим хүчний хэрэглээг 100 хувь өөрсдөө хангадаг болохын зэрэгцээ эрчим хүчний үнэ тарифыг бууруулж, айл өрх албан газрууд хямд цахилгаан эрчим хүчээр дулаан, халаалтаар хангаж бусад  салбаруудын хөгжлийн асуудлыг дэмжиж шийдвэрлэхэд ихээхэн түлхэц өгөх  боломжтой болно.

Ирэх 2017 оны хавар гэхэд Цементний үйлдвэр ашиглалтанд орсноор дотоодын зах зээлд цементийн үнэ хоёр  дахин буурч, барилгын материалын зардал ч буурах болно. Бүтээн байгуулалтын ажлууд цаашид эрчимтэй хийгдэж аймаг, сум суурин газрын өнгө төрх одоогийнхоос илүү сайжирна. Том үйлдвэрүүдийг дагаж бусад жижиг үйлдвэр нэмэгдэж, үйлдвэржих хөгжих үйл явц хурдасна.

Түүнчлэн 2016 онд Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн ажил эхэлж, ирэх  2017 онд дуусна. Хөдөө аж ахуйн бүтгээгдэхүүний боловсруулах үйлдвэрийн  суурь ажил ийнхүү хийгдсэнээр хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрүүд шинээр бий болж арьс шир, ноос ноолуурын үйлдвэр байгуулах ажил эрчимтэй явагдана.

Монгол Улсын хэмжээнд орчин үеийн технологиор хийсэн махны үйлдвэр байгуулах асуудал эрчимтэй яригдаж, шийдэгдэх түвшинд явж байна.

Шинэ  технелоги бүхий махны үйлдвэр нь ганц мал нядалдаг газар биш жилийн дөрвөн улирал тогтмол ажиллагаатай,орчин үеийн технологиор малыг эрүүлжүүлдэг, борддог, үүний тулд малын тэжээл үйлдвэрлэх болон гахай, тахиа бусад аж ахуй эрхэлдэг том үйлдвэрүүд дагаж хөгжих болно.

Ховд гол,  Буянт голын сав газар “Ховд Агропарк” төслийг хэрэгжүүлнэ. Ингэснээр малчид мал аж ахуй, газар тариалан хосолсон фермерийн аж ахуй байгуулах малын тэжээл үйлдвэрлэх, мал бордох зэрэг ажлуудыг цогцоор нь шийдвэрлэж шинэ технологийг нэвтрүүлнэ. Энэ бүхэн малчид тариаланчдын орлогыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийг нь хорших томоохон ач холбогдолтой ажлууд болно.

Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын ажлыг 2016 онд дуусгана. Ховд аймгийг Говь-Алтай аймагтай холбох авто замын ажил мөн энэ онд дуусна.

Эрдэнэбүрэн, Мөст, Зэрэг сумууд аймагтай авто замаар холбогдоно. 2016 онд Ховд хот дотор 10 км авто зам шинээр баригдана. Ингэснэээр хөдөөгийн 13 сум нь авто замаар нийслэл Улаанбаатар хот, Ховд аймаг, бусад аймагтай холбогдох болно. Энэ бүхний үр дүнд ирэх дөрвөн жил гэхэд Ховд аймаг Монгол улсын Баруун бүсийн томоохон төв болж үйлдвэржилт, хотжилт эрчимтэй явагдсан орчин үеийн томоохон төв суурин газруудын нэг болж хөгжих суурь нөхцлийг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ажиллаж буй аймгийн иргэдийн хурал, ЗДТГ, орон нутгийн удирдлагууд бий болгож чадсандаа сэтгэл хангалуун байна.

“Ховд аймаг Монгол улсын хөгжлийн баруун үүд” төдийгүй төв азийн Алтайн нурууг тойрсон Орос, Хятад, Казакстан зэрэг орнуудын хил залгаа нутаг дэвсгэртэй эдийн засгийн интеграцчилалд нэгдэж энэ бүс нутгийн нөлөө бүхий таталцлын төв болон хөгжинө гэдэгт итгэж байна.

 А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ