Түрээсийн орон сууцанд хамруулахдаа авлигаас урьдчилан сэргийлэхийг зөвлөв

Монголын мэдээ | Хууль
nandintsetseg@montsame.gov.mn
2019-08-13 10:25:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ-аас нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг "Буянт Ухаа 2" 972 айлын түрээсийн орон сууцанд хамруулах сонгон шалгаруулалтыг хариуцлагатай, шударга, ил тод, нээлттэй зохион байгуулах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг НЗДТГ-т хүргүүлжээ.

Уг зөвлөмжид түрээсийн орон сууцанд хамрагдахаар бүртгүүлсэн иргэний хувийн нууцад хамаарахаас бусад мэдээллийг зорилтот бүлгийн ангиллаар нь ил тод мэдээлж, цахим хуудсандаа байршуулах талаар тусгажээ. Түүнчлэн бүртгэлд авсан мэдээллийг эрэмбэлсэн байдал, бичиг баримтын бүрдлийн шаардлага хангасан байдал, сонгон шалгаруулалтад тэнцсэн эсэх талаарх дэлгэрэнгүй мэдээллийг иргэд, олон нийтэд нээлттэй байлгаж хяналт тавих боломж олгохыг зөвлөжээ. Харин иргэдээс холбогдох материалыг хүлээн авахдаа хүнд суртал, чирэгдэл үүсгэхгүй байх, сонгон шалгаруулалтыг зохион байгуулах явцад оролцож буй албан тушаалтнуудыг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлж ажиллах хэрэгтэйг онцолсон байна.

Зөвлөмжийн бүрэн эхтэй ЭНД ДАРЖ танилцана уу.

Холбоотой мэдээ