Хадгаламж зээлийн 14 хоршоог татан буулгажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-08-13 13:53:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. СЗХ-ноос өнөөдөр санхүүгийн зах зээлийн II улирлын дүнг мэдээллээ.


Даатгал: Тус салбарын нийт хөрөнгийн хэмжээ энэ оны эхний 2 улиралд 354.7 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 25.7 хувиар өсжээ. СЗХ-ны Судалгаа, эрсдлийн шинжилгээний хэлстийн дарга Ч.Хүдэрчулуун, “Даатгалын салбарын нийт хөрөнгө өсөхөөс гадна давхар даатгалын компаниуд бий болж байна. Өнгөрсөн онд даатгалын салбарын 16.6 хувийг давхар даатгал эзэлж байсан бол энэ жил 20.7 хувь болж өссөн" хэмээн онцлов.

Өнөөдрийн байдлаар давхар даатгалын 2, ердийн даатгалын 15, урт хугацааны даатгалын нэг, даатгалын зуучлагч 49, даатгалын хохирол үнэлэгч 27 компани ажиллаж байна. Үүнээс салбарын нийт хөрөнгийн 76.7 хувийг ердийн даатгалын компаниудын хөрөнгө, 2.6 хувийг урт хугацааны даатгалын компанийн хөрөнгө тус тус эзэлж байна. Тайлант хугацаанд даатгалын нийт хураамжийн орлого өнгөрсөн оноос 23.7 хувиар өсөж 104 тэрбум төгрөг болжээ. Үүний 99 хувийг ердийн даатгалын компаниудын хураамжийн орлого бүрдүүлж байна.


Нийт зээлийн үлдэгдлийн 84.7 хувийг иргэдийн зээл эзэлж байна


ББСБ: Энэ оны II улирлын байдлаар санхүүгийн зах зээлд нийт 538 банк бус санхүүгийн байгууллага (ББСБ) үйл ажиллагаа явуулж байгаагаас дийлэнх нь буюу 492 нь зээлийн үйл ажиллагаа эрхлэж, 8.6 хувь нь зөвхөн гадаад валют арилжаалж байна. ББСБ-уудын нийт хөрөнгө II улирлын байдлаар 1.5 их наяд төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеэс 34 хувиар буюу 389.4 тэрбум төгрөгөөр өсжээ. Хөрөнгийн өсөлтийн 84.3 хувийг зээлийн өсөлт, 47.4 хувийг хувь нийлүүлсэн хөрөнгийн өсөлт тус тус бүрдүүлж байна. Тайлант хугацаанд ББСБ-уудын зээлийн нийт үлдэгдэл мөн өмнөх оныхоос 42.7 хувиар буюу 328.4 тэрбум төгрөгөөр өсөж, 1.1 их наяд төгрөгт хүрчээ. Нийт зээлийн үлдэгдлийн 84.7 хувийг иргэдийн, 15.3 хувийг хуулийн этгээдийн зээл эзэлж байна.


ББСБ-ын салбарын зээлдэгчдийн тоо өмнөх оноос 2.4 дахин нэмэгдэж, 360.3 мянгад хүрсэн бол нийт харилцагчдын тоо 2.3 сая болжээ. Үүнд ББСБ-ууд технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгосон нөлөөлсөн бөгөөд хүүгийн дундаж түвшин 3.3 хувьтай байгаа аж:


26 хоршоо хадгаламж татаагүй байна


ХЗХ: Тайлант хугацаанд Хадгаламж, зээлийн хоршоо (ХЗХ)-дын нийт хөрөнгө 210.6 тэрбум төгрөгт хүрээд байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 19.6 хувиар өссөн үзүүлэлт. ХЗХ-дын 90.5 хувь буюу 249 хоршоо нийт 148.4 тэрбум төгрөгийн хадгаламж төвлөрүүлсэн бол үлдсэн 9.5 хувь буюу 26 хоршоо хадгаламж огт татаагүй байна. Нийт хадгаламжийн 97.6 хувь нь хугацаатай бол 2.4 хувийг хугацаагүй хадгаламж эзэлж байна.

Өнгөрсөн хугацаанд хоршоодын тоо 14-өөр буурчээ. Энэ талаар СЗХ-ны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэнгээс тодруулахад, зарим ХЗХ нь СЗХ-ноос тавьсан шаардлагыг ханган биелүүлээгүй, дүрэм журмыг мөрдөн ажиллагаагүй байна. Мөн өөрсдийн хүсэлтээр татан буугдсан ХЗХ бий гэсэн хариуг өгч байв. Энд сүүлийн үед үйл ажиллагаа нь доголдоод байгаа гэх "Монкорд" ХЗХ орж байгаа юу гэсэн асуултанд, "Тус хоршооны санхүүгийн байдал ил тод бус, хоршооны гишүүд  хохирол хүлээх байдалтай, гомдол гаргаад байсныг цагдаагийн байгуулллагад шалгуулахаар шилжүүлээд байна" гэв. 

 

Б.Болд

Холбоотой мэдээ