Ираны нефть тээвэрлэгчийг 48 цагийн дотор суллана

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-08-14 11:11:00

ТЕГЕРАН. /RIA Novosti/. Ираны нефть тээвэрлэгч “Grace 1” хөлөг онгоцыг Их Британийн далайн чанад дахь нутаг дэвсгэр болох Гибралтарын эрх баригчид 48 цагийн дотор суллана гэж телевиз радиогийн “IRIB” корпорац эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилсан байна.


Ираны талаас хууль эрх зүйн болон дипломат хүчин чармайлт гаргасны дүнд нефть тээвэрлэгчийг суллахаар болжээ. Уг хөлөг онгоцыг мягмар гарагийн орой гэхэд суллана гэж “Tasnim” агентлаг урьд нь мэдээлсэн боловч Гибралтарын эрх баригчид энэ мэдээллийг няцаажээ.


Панамын далбаан дор явж байсан нефть тээвэрлэгч “Grace 1” хөлөг онгоцыг Гибралтарын эрх баригчид долдугаар сарын 4-нд саатуулсан байна. Хориг арга хэмжээг зөрчин Ираны нефтийг уг хөлөг онгоцоор Сирид нийлүүлсэн байж магадгүй гэж сэжиглэж байгаа юм. Хөлөг онгоцыг саатуулсны хариуд Ираны Гадаад хэргийн яам Тегеранд суугаа Их Британийн Элчин сайдыг дууджээ. Испанийн Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Жозеп Боррелийн мэдэгдсэнээр, нефть тээвэрлэгчийг АНУ-ын хүсэлтээр саатуулсан байна. Хөлөг онгоцыг нь саатуулсныг эсэргүүцэж буйгаа Ираны эрх баригчид нэг бус удаа мэдэгджээ.


Холбоотой мэдээ