Ногоон байгууламж болон уурын зуух барихаар шав тавив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-08-16 11:52:52

Өмнөговь /МОНЦАМЭ/. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд ногоон байгууламж болон уурын зуухны шав тавилаа.

Нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулах, ногоон байгууламжийг байгуулах дээрх бүтээн байгуулалтыг "Логмон" ХХК, "Ханбогд арвижих" ХХК  тус тус гүйцэтгэнэ. Баян-Овоо сум уурхайн нөлөөлийн бүс бөгөөд нутаг дэвсгэр дээгүүр нүүрс тээврийн зам дайран өнгөрдөг аж. Ногоон байгууламж буй болгосноор тоосжилт багасаж, иргэдийн ая тухтай амьдрах орчин бүрдэнэ гэж албаныхан онцлов.

Мөн "Оюу толгой" ХХК, орон нутаг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд байгуулсан "Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-гийн хөрөнгө оруулалтаар 4мвт хүчин чадалтай, хагас автомат уурын зуухыг "Шүтээн эрдэнэ" ХХК гүйцэтгэхээр болжээ. Уурын зуухтай болсноор сумын төвийн халаалт дулааныг цогцоор нь шийдэх боломж бүрдэнэ. Дашрамд дуулгахад Өмнөговь аймаг таримал ойгоороо улсдаа тэргүүлдэг.

Холбоотой мэдээ