Аймгийн хөгжлийн гарцыг аялал жуулчлал гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-08-19 11:39:18

Баянхонгор /МОНЦАМЭ/. Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө/ ҮХЦТ/ боловсруулах төслийн сургалт Баянхонгор аймагт боллоо.

Сургалтад Барилга, хот байгуулалтын яам, Японы ОУ-ын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/, Үндэсний хөгжлийн газар хамтран Баянхонгор аймгийн бүх сумын удирдлага, холбогдох албаны төлөөлөл, аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн харъяа агентлагийн мэргэжилтэн, албан хаагчид хамрагджээ.

Цаашид Баянхонгор аймгийн хөгжлийн нөөцийг аялал жуулчлалын салбар хэмээн сургалт зохион байгуулагчид тодорхойлов. Энэ хүрээнд Баянхонгор аймаг Засаг даргын дэргэд Гадаад харилцаа, аялал жуулчлалын албыг /ГХАЖА/ байгуулан ажиллаж байгааг сайшааж байв.

Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөөг Монгол Улсад хэрэгжүүлснээр хот, хөдөөгийн ялгаатай байдлыг бууруулх, тэнцвэртэй, тогтвортой хөгжлийг дэмжих замаар хот суурин газарт тулгарч буй асуудлыг шийдвэрлэж, "Тогтвортой хөгжлийн зорилт -2013"-ыг хангах зорилготой.

Үүнийг амжилттай хэрэгжүүлж чадвал Монгол Улсын төв Ази дахь байр суурийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ бүсчилсэн хөгжлийн үндэслэл, шаардлагыг илүү тодорхой болгох юм.

2018 оны 12 дугаар сараас эхэлсэн энэхүү төсөл 2021 оны зургадугаар сар хүртэл Монгол Улсын 21 аймаг, нийслэл болон Япон Улсад үргэлжлэх юм байна.

Баянхонгор аймаг 116 мянган км/кв нутаг дэвсгэртэй. Орон нутгийн эдийн засгийн 47 хувийг хөдөө аж ахуй, 24 хувийг аж үйлдвэр, барилга, 29 хувийг үйлчилгээний салбар бүрдүүлдэг. Хүн амын дундаж өсөлт 2010-2017 онд хоёр хувьтай байгаа бөгөөд хүн амын нягтаршил 0,75 хүн/км2 байгаа.

Цаашид тус аймагт хөгжлийг нэмэгдүүлж, хурдасгахын тулд шударга бус өрсөлдөөний орчин, ил тод бус байдалтай тэмцэх, чадварлаг ажиллах хүчин, боловсролтой менежерүүдийн тоог нэмэгдүүлж, бага, дунд боловсролын түвшинг сайжруулж, орчин үеийн мал аж ажуйг хөгжүүлэх зайлшгүй шаардлага байгааг сургалтад оролцогчид онцлов.

Холбоотой мэдээ