Цаа бугын тоо толгой 2000 давсныг тэмдэглэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-08-19 14:35:01
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд цаа бугын тоо толгой 2396  болж өссөнийг тэмдэглэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Цаатны наадам-2000 цааны баяр" Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд энэ сарын 16-17-нд боллоо. Цаатан иргэдийн ёс заншил, соёл уламжлалыг олон нийтэд хүргэх, цаа бугын аж ахуйг хөгжүүлэх зорилготой уг баярын нээлтэд  ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле оролцож, үг хэлэв.  

2006 оны жилийн эцсийн мал, амьтны тооллогоор тайгын цаатан иргэд 814 толгой цаа буга тоолуулж байжээ. Харин 2018 оны жилийн эцэст 85 цаатан өрх 2396 толгой цаа бугатай болж тоо толгой нь гурав дахин нэмэгджээ.

“Цаатны наадам - 2000 цааны баяр”-т баруун, зүүн тайгын цаатнууд 1200 гаруй цаатай ирж ёс заншил, соёл уламжлалаа сурталчлан оролцов.  Баярын үеэр Монгол, Тува үндэсний бөхийн барилдаан, этэр болон янзагын уралдаан, цаан поло, тэвэг самар шийдэх, цаа дэлсэх, цаатан ардын авьяастнуудын тоглолт болж, үндэсний урлалын бүтээгдэхүүний худалдаа гарчээ. Цааны баярыг гадаад, дотоодын 5000 гаруй жуулчин үзэж сонирхсон бөгөөд ОХУ-ын Улаан-Үд, БНХАУ-ын ӨМӨЗО-ны тува иргэд хүрэлцэн ирж оролцсон байна. Энэ үеэр Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар цаа бугад үзлэг, шинжилгээ хийж, нэгдсэн судалгаа гаргажээ.


Хөвсгөл аймгийн Цагаан нуур сум 2000 орчим хүн амтай. Үүний 755 нь тува үндэстэн бөгөөд 339 нь баруун, зүүн тайгад амьдарч цаа маллаж, улсаас тэтгэвэр авдаг.

Монгол Улс цаатан иргэдийн амьдралын түвшинг сайжруулахад анхаарч, тодорхой ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Засгийн газар 2007 онд “Цаа бугын аж ахуйг сэргээх, цаатан иргэдийн амьдралыг сайжруулах хөтөлбөр” баталсан. Харин 2013 онд “Цаатан иргэдэд халамжийн тэтгэвэр олгох тухай” тогтоол баталснаар, насанд хүрсэн цаатан иргэнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 100 хувь, хүүхдэд 50 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэвэр олгодог болжээ.

Харин 2009 онд цаа бугын чанар, удам угсааг сайжруулахад улсын төсвөөс хөрөнгө гаргаж ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсаас 12 толгой цаа буга импортолсон. 2014 онд Бүгд Найрамдах Турк Улсын олон улсын хамтын ажиллагааны ТИКА байгууллагад санал тавьж, 19 толгой цаа буга худалдан авч Хөвсгөл  аймгийн баруун болон зүүн тайгын иргэдэд хүлээлгэн өгчээ. Эдгээр ажлын үр дүнд цаатан иргэдийн орлого нэмэгдэж, амьжиргааны гол эх үүсвэр болсон цаа бугын цус холдож, ашиг шим, амьдрах чадвар нь сайжирч тоо толгой нь жилээс жилд өсөж байна.


Холбоотой мэдээ