Улсын хэмжээнд 379 мянган тээврийн хэрэгсэл үзлэгт хамрагджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-08-19 17:51:26
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Техникийн хяналтын үзлэгийг улсын хэмжээнд суурин болон явуулын 50 төвд зохион байгуулж байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 379 мянган тээврийн хэрэгсэл үзлэгт хамрагджээ. 


Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа автотээврийн хэрэгслийн техникийн байдал, хэрэглээний стандартыг хангах, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг үр дагаврыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор АТҮТ ТӨҮГ-аас техникийн хяналтын үзлэгийг зохион байгуулдаг. Улаанбаатар хотод техникийн хяналтын үзлэгийн гурван төв ажилладаг бөгөөд өдөрт 1000-1500, жилд 350-500 мянган тээврийн хэрэгсэлд үзлэг хийх хүчин чадалтай. 


Техникийн хяналтын үзлэгээр авто тээврийн хэрэгслийн ерөнхий байдал, иж бүрдэл, хөдөлгүүр, хүч дамжуулах анги, тоормосны систем, жолооны механизм, гэрэл дохио, явах анги, экологи болон эргономикийн үзүүлэлтүүд стандартын шаардлага хангаж байгаа байдалд техникийн дүгнэлт гаргадаг. Мөн автотээврийн хэрэгслээс ялгарч байгаа утаан дахь хорт бодис, тортгийн хэмжээ, урд, хойт болон зогсоолын тоормосны идэвхжил, урд тэнхлэгийн тохиргоо, урд гэрлийн чадал, тусгалын тохиргоог хүний хүчин зүйлийн оролцоогүйгээр тоног төхөөрөмжийн тусламжтайгаар тодорхойлдог аж. Харин стандартын шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэл дахин үзлэгт хамрагдахад төлбөрөөс чөлөөлдөг бөгөөд энэ нь тухайн жилийн хугацаанд техникийн шаардлага хангах хүртэл үргэлжилдэг байна. 


Манай улсын тээврийн хэрэгслийн тоо жил бүр өсөж, 2018 оны байдлаар 970 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн. Харин зам, тээврийн ослын улмаас 20 мянган хүн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч, 504 хүн амь насаа алдаж, 19.2 тэрбум төгрөгийн эд материалын шууд, 35.0 тэрбум төгрөгийн шууд бус хохирол учирчээ. Улсын хэмжээнд зам, тээврийн ослын улмаас нас барагсдын 78 хувь, хүнд гэмтэгсдийн 72 хувь нь орон нутгийн замд гарсан бөгөөд 100 мянган хүнд ногдох зам, тээврийн ослоос үүдэлтэй нас баралт 2012 онд 21 хувь байсан бол 2018 онд 16.9 болж буурсан ч Европын орнуудтай харьцуулахад өндөр үзүүлэлт юм.


Автотээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь нийтийн тээврийн үйлчилгээний автотээврийн хэрэгслийг хагас жил тутам, бусад автотээврийн хэрэгслийг жилд нэг удаа тогтсон хугацаанд үзлэгт хамруулахаар хуульчилсан байдаг. Тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, хуулийн этгээд хууль, журмын хүрээнд техникийн хяналтын үзлэгт хамрагдсанаар тээврийн хэрэгслээс шалтгаалах осол, гэмтлээс сэргийлэн, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулж, зам тээврийн осол, болзошгүй аюулаас хамгаалж чадах юм.

Холбоотой мэдээ