Хонконгийн хямралыг зохицуулах асуудлаар яриа хэлэлцээ хийх талбар бий болгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-08-20 15:49:44

ХОНКОНГ. /TASS/. Хонконгийн Засгийн газар дотоод улс төрийн өнөөгийн хямралаас гарах арга замыг хайх зорилгоор нийгмийн бүх давхаргатай яриа хэлэлцээ хийх талбарыг бий болгоно гэж тус онцгой бүсийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам мягмар гарагт сэтгүүлчдэд мэдэгджээ.


“Энэхүү талбар нь нээлттэй, шууд бөгөөд улс төрийн янз бүрийн үзэл бодолтой, нийгмийн бүхий л давхаргын төлөөллийг татна гэж бид найдаж байна” гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.


Үүний сацуу, Хонконгийн засаг захиргааны тэргүүн эмх замбараагүй байдлын үеэр явуулсан цагдаагийн ажиллагааг шалгах хараат бус тусгай комисс байгуулах жагсагчдын шаардлагыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Түүний үзэж байгаагаар, энэ асуудалд цагдаагийн алба хаагчдын талаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэдэг Хараат бус зөвлөлийг ашиглахад хангалттай байна. Одоогийн байдлаар тус байгууллагад хууль сахиулах байгууллагуудын ажилтнуудтай холбоотой 174 гомдол иржээ.


БНХАУ-ын хууль тогтоомжийг зөрчсөн хэрэгт сэжиглэгдэж байгаа эсвэл эрэн сурвалжилж байгаа хүмүүсийг Хонконгоос эх газрын Хятадад шилжүүлэн өгөх хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал Хонконгт хоёр сар гаруй үргэлжилж байгаа юм. Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам олон нийтийн шахалтаар уг хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулсан боловч эсэргүүцлийн ажиллагаа үргэлжилсээр байгаа билээ.


Жагсагчид хуулийн төслийг бүрмөсөн хүчингүй болгох, цагдаа нарын үйлдлийг мөрдөн шалгах хараат бус комисс байгуулах, эсэргүүцлийн жагсаалуудын үеэр баривчилсан хүмүүсийг суллах, тэдний үйл ажиллагааг үймээн гэж ангилахгүй байх, Хонконгт ардчилсан шууд сонгууль явуулах гэсэн таван шаардлагыг тавьж байгаа юм.


Холбоотой мэдээ