Механикжсан зоорь барьснаар 1000 тонн хүнсний ногоо хадгалах боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-08-21 11:09:11

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багт 1000 тонн хүнсний ногоо хадгалах зориулалт бүхий механикжсан зоорийг  улсын төсвийн  967.8  сая  төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж байна.

Тус аймагт одоогийн байдлаар 3500 орчим тариаланч байгаагийн 1500 гаруй нь Жаргалант суманд  ажиллаж төмс, хүнсний ногооны дотоодын хэрэгцээг  бүрэн хангаж,  жимс жимсгэнэ бусад тариалалтыг  зохих түвшинд хийж байна.

Тариаланчдын хувьд хүнсний ногоогоо стандартын дагуу хадгалж, улмаар хэрэглэгчдийн гарт эрүүл, чанартай, шинэхэн ногоог хүргэх асуудал чухал байдаг.

Энэ утгаараа газар тариалан эрхлэгчдийг дэмжих, хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх, улмаар хадгалалт, хамгаалалтыг сайжруулах зорилтын хүрээнд 1000 тонн хүнсний ногоо хадгалах хүчин чадалтай механикжсан  зоорийг  орон нутагтаа анх удаа бүтээн босгож буй. Зоорь барих ажлыг ХХААХҮЯ-ны захиалгаар БМГА ХХК-ийн хамт олон гүйцэтгэж байгаа бөгөөд  ажлын гүйцэтгэл 50 гаруй хувьтай явж байна.

  


 


 

  

Холбоотой мэдээ