6, 7 дугаар баг хатуу хучилттай авто замаар холбогдоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-08-21 11:54:22

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан сумын 6, 7, 8 дугаар багийн нутаг дэвсгэрийг дамнасан хатуу хучилттай авто замын ажлыг 2018 онд 2 үе шаттайгаар эхлүүлсэн. Үүний үргэлжлэл болгож 6, 7 дугаар багийн нутаг дэвсгэрийг холбосон 1.8 км хатуу хучилттай авто замын ажлыг эхлүүлээд байна. Дээрх 1.8 км авто замыг 2.7 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэхээр “МАЗ” ХХК шалгарчээ.

Уг төсөл нь 2019-2020 онд бүрэн хэрэгжиж дуусна. Энэ зам ашиглалтад орсноор Дархан сумын 6,7 багийн 3075 өрхийн 11242 хүн нийтийн тээвэр, сурагчдын автобус, түргэн тусламж, онцгой байдлын газрын зэрэг олон талт үйлчилгээг саадгүй авах боломж бүрдэх юм.

Өнгөрсөн онд 7, 8 дугаар багийн дундах 741 м урттай, 7 м өргөн, 2 эгнээ авто замыг 2 автобусны зогсоолтойгоор хийж, ашиглалтад оруулсан нь багийн иргэдийн талархлыг хүлээсэн.

Дашрамд, аймгийн хэмжээнд 2019 онд авто замын салбарт улс болон орон нутгийн төсвийн 17.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийт 24 төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ. 

Ингэснээр 22.6 км авто замыг хатуу хучилттай болгож, нүхэн болон гүүрэн гарцыг 2 байршилд хийж гүйцэтгэнэ. Нийт долоон байршилд 193 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 250 авто машины зогсоол шинээр гаргаж, хотын доторх төв авто зам болон орон сууцны хороолол доторх авто замын нөхөөсийг 6100м2 талбайд хийж гүйцэтгэж байна.

 

Холбоотой мэдээ