Цэнгэл сумын 20 га газарт ойн арчилгааны огтлолт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-08-21 14:59:08

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн анги өнгөрсөн долоо хоногт тус аймгийн Цэнгэл сумын Тошинт хэмээх газарт 20 га талбайд ойн арчилгааны огтлолтын ажил хийлээ.

Аймгийн Сум дундын ойн ангийн дарга С.Ерболатын тайлбарласнаар ойн бүтэц, бүрэлдэхүүн, шигүүрлийг зохицуулж, модны өсөлтийг нэмэгдүүлэх зорилгоор 2017 онд 30 га, 2018 онд 30 га газарт тус тус арчилгааны огтлолт хийсэн байна. Харин энэ жил тус аймгийн Цэнгэл, Булган сумын нутагт нийтдээ 40 га ойд огтлолт хийхээр төлөвлөж, холбогдох санхүүжилтийг БОАЖЯ-наас шийдвэрлэснээр дээрх ажлыг орон нутгийн иргэдийн оролцоогоор хийж гүйцэтгэжээ.

Харин дараагийн сард Булган сумын Жаргалант хэмээх газарт ойн арчилгааны огтлолт хийх аж.

Баян-Өлгий аймаг нь 68,1 мянган га ойтой. Гэхдээ хүрээлэн буй орчны гэмт хэрэг үйлдэгсдэд хүлээлгэх хариуцлага чангарсан, Ойн ангийг байгуулж эзэнтэй болгосон, арчилгаа, тордолтын ажлыг эрчимжүүлсэн зэрэг арга хэмжээ авсны үр дүнд ойн талбайн хэмжээ жил бүр өсөн нэмэгдэж байгааг тэрээр онцоллоо.    

Холбоотой мэдээ