Бразилд Амазоны түймэртэй холбогдуулан хямралын штаб байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2019-08-23 15:16:28

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /ТАСС/. Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару Амазоны ширэнгэн ойд түймэр дэгдсэнтэй холбогдуулан хямралын штаб байгуулахыг сайд нарын танхимдаа үүрэг болгосон байна. Хямралын штаб баасан гарагт өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр хуралдана гэж телевизийн “Record TV” суваг мэдээлжээ.


Бразилын Сансар судлалын үндэсний хүрээлэнгийн хамгийн сүүлийн мэдээллээр, нэгдүгээр сараас наймдугаар сарын хооронд Өмнөд Америкийн тус улсын нутаг дэвсгэрт Амазоны 1.8 сая гаруй га ой түймэрт устсан байна. Гуравдугаар сард гарсан түймэрт Амазоны ширэнгэн ой хамгийн их хэмжээгээр сүйдсэн бөгөөд хагас сая гаруй га ой шатжээ. Энэ жил гарсан түймрийн тоо өнгөрсөн жилийн энэ үеийнхээс 85 хувиар нэмэгдсэн  байна. Энэ сарын 22-ны байдлаар Амазоны ширэнгэн ойд 76 мянга гаруй түймэр гарчээ.  


Гал түймэр тархаж байгаатай холбогдуулан хүрээлэн буй орчныг хамгаалах тал дээр хангалттай анхаарал хандуулахгүй байна гэж Бразилын иргэд Ерөнхийлөгч болон Засгийн газраа шүүмжлэх нь эрс нэмэгджээ. Амазоны ширэнгэн ойд гарсан түймэртэй тэмцэхэд Засгийн газрын нөөц бололцоо хүрэлцэхгүй байна гэж Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару пүрэв гарагт мэдэгдсэн байна.


Түймрийг унтраахад туслах саналыг Аргентин, Венесуэл, Колумб, Чили болон Эквадор улсын эрх баригчид Бразилд тавьжээ.


Холбоотой мэдээ