Өсвөрийн дайчид Чингис хоттой танилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-08-27 15:41:10

Хэнтий /МОНЦАМЭ/ Халх голын дайны ялалтын 80 жилийн ойн баярт оролцох, эх оронтойгоо танилцах зорилгоор Төв аймгийн Мөнгөнморьт сумын ЕБС-ийн найман өсвөрийн дайчид Чингис хотод ирлээ. Тэд мориор буухиачилж Дорнод аймгийн Халх гол сумын зүг явж байна.

Сургуулийн ахмад багш Д.Буянбат тэднийг ахлан явж, Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн тэргүүлэх зэргийн эмч Ц.Жамъянсүрэн, Мөнгөнморьт сумын ЗДТГ-ын Нийгмийн бодлогын түшмэл Г.Батчимэг, Төв аймгийн Мөнгөнморьт суман дахь эрэн хайх аврах бүлгийн албан хаагч Н.Лхагвасүрэн тэргүүтэй нийт 16 хүний бүрэлдэхүүнтэй багийг Хэнтий аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас хүлээн авч байрлуулж, Чингис хоттой танилцууллаа.

Багш Д.Буянбат өсвөрийн дайчдаар үлгэрлэн монгол хүүхдүүдийг цэрэг, эх оронч үзлээр хүмүүжүүлэх, Халх голын дайны ялалтын ач холбогдлыг ойлгуулах зорилготой аялж яваа гэдгийг онцолж байв. 9-15 настай өсвөрийн дайчид 20 км мориор, 20 км морио ачиж машинаар гэх мэтчилэн буухиачилж өдөрт 80 км замыг туулж яваа бөгөөд сумаасаа гараад тав хоногийн дараа Хэнтий аймагт иржээ.


Холбоотой мэдээ