Зүүнбаянгийн усан бассейныг шинэчлэн засварлаж ашиглалтад оруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-08-26 16:34:17

Дорноговь/МОНЦАМЭ/.Сайншанд сумын тавдугаар багийн нутаг Зүүнбаянгийн задгай талбайд байдаг хуучин усан бассейныг нефтийн үйлдвэрийн түүхт 70 жилийн ойгоор сэргээн засварлаж ашиглалтад орууллаа. Зүүнбаянд газрын тос олборлож буй "Доншен" ХХК-ийн нийгмийн хариуцлагын 270 сая төгрөгийн төсөвт өртгийн санхүүжилтээр "Миний Сайншанд" ХХК засварлаж наймдугаар сарын 24-нд ойн баярын үеэр хүлээлгэн өгсөн юм.

Тавь гаруй жилийн түүхтэй усан бассейныг үе үе засварладаг ч хана, ус дамжуулах хоолой аль хэдийн  муудсан тул ийн дахин засварласан юм. Нээлтийн үеэр албаныхан  хүүхэд залуусын дунд усанд сэлэлтийн тэмцээн зохион байгуулав. 

Олон жилийн түүхтэй усан бассейн нь ашиглалтад ороход нутгийн иргэд, хүүхэд залуус сэтгэл хангалуун байсан бөгөөд залуус, хүүхдүүд, хол ойроос зорин ирсэн зочин гийчэд өдрийн турш усанд шумбаж алжаалаа тайлсан юм.

Дашрамд дурдахад Монгол Улсын усанд сэлэлтийн аварга шалгаруулах анхны тэмцээн 1967 онд энд болоход Зүүнбаянгийн дунд сургуулийн тавдугаар ангийн сурагч Тлехан, Андрeй гэх орос нэртэй монгол хүү орост бэлтгэгдсэн мэргэжлийн усанд сэлэгчдийг ардаа орхин түрүүлсэн ч насанд хүрээгүй шалтгаанаар хоеуланг нь  байр ухраасан  түүхтэй. 

Усан бассейныг ашиглалтад хүлээн авах нээлтийн ёслолд аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганзориг, Сайншанд сумын Засаг дарга С.Одбаяр болон нефтийн үйлдвэрт ажиллаж байсан ахмадууд, зочид төлөөлөгчид, нутгийн иргэд оролцов.

Холбоотой мэдээ