Ерөнхий сайд У.Хүрэлсүх ҮБХИС-ийн шинэ хичээлийн жилийн нээлтэд оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-09-01 14:38:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улсын мэргэжлийн боловсролын ууган сургуулийн нэг, Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Үндэсний Батлан хамгаалах сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилийн нээлт боллоо.

Ёслолд тус сургуулийн 1985-1989 оны сонсогч, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нар оролцож, эрдэмтэн багш, сонсогч оюутнууд, сурагчид, тэдний ар гэрийнхэнд баярын мэнд хүргэсэн юм.

Сургуулийн шинэ жилийг нээж ҮБХИС-ийн захирал, хурандаа П.Жаргалан хэлэхдээ, “ҮБХИС-д шинээр элсэн орсон болон суралцаж байгаа сонсогч, оюутан, сурагч, эрдмийн хамт олондоо баярын мэнд хүргэе. Өнөөдөр та бүхний өмнө амьдралын шинэ зам, хүсэл мөрөөдлийн хаалга нээгдэж, Зэвсэгт хүчин болоод иргэний салбарын ирээдүйн өнгө төрхийг тодорхойлох их зам угтаж байна. Энэ жилийн хичээлийн шинэ жил түүхт 100 жилийнхээ өмнө тохиож байна хэмээн онцлов.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх баяр хүргэж, үг хэлсэн юм. Тэрбээр "Төрөлх сургуульдаа ирэх сайхан байна. Бүх зүйл нь дэндүү дотно. Эрдэмтэн багш нараа эгнэн зогссоныг хараад сэтгэл догдолж байна. Ирээдүйн эх орон, тусгаар тогтнолоо сахин хамгаалах цогтой хөвгүүд, охидыг бэлтгэж байгаа ҮБХИС-ийн бие бүрэлдэхүүнд онцгойлон баяр хүргэе" гээд сонсогч, сурагчдын ар гэрийн төлөөлөлтэй уулзлаа.

Энэхүү ёслолд Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй Монгол, Орос залуусын "Дайчин нөхөрлөлийн замаар" тойрон аялагчид оролцсон юм.

 

 

Холбоотой мэдээ