Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны 170 хүүхэд шинэ цэцэрлэгтээ ирлээ

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-09-02 14:45:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны 260 дугаар цэцэрлэгийн шинэ хичээлийн жилийн нээлтэд өнөөдөр оролцлоо.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын санаачилга, Канадын иргэн Жулие Велогийн үүсгэн байгуулсан “Жулие Вело” сангийн хөрөнгөөр барьсан 260 дугаар цэцэрлэг өнгөрсөн дөрөвдүгээр сард ашиглалтад орсноор хотын төвөөс алсалсан тус хорооны 170 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломж бүрдээд байгаа юм.

Цэцэрлэгийн нээлтэд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хэлсэн үгэндээ, "Хүүхэд сурч хөгжих таатай орчин бүрдүүлэхийн тулд БСШУСЯ-ны хөрөнгө оруулалтаар 2023 нэр төрлийн 25.3 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг энэ цэцэрлэгт нийлүүллээ. Цэцэрлэг барьж байгуулах сайн үйлсийг санаачилсан, сэтгэл гарган бүтээсэн хүн бүхэнд баяр талархлаа илэрхийлж, сайн сайхныг хүсэн ерөөе.

Энэ бол Засгийн газраас бага насны хүүхдийн хөгжил, бага насны хүүхэдтэй гэр бүлийн нийгмийн асуудлыг онцгойлон анхаарч байгаагийн нэг жишээ бөгөөд 2019 онд улсын хэмжээнд 93 цэцэрлэг ашиглалтад орж, сургуулийн өмнөх боловсролын хамтран сургалт 88.1 хувьд хүрч, багш ажилтны албан тушаалын зэрэглэл өсч, цалин нэмэгдсэн, сургалтын хөтөлбөрөө сайжруулсан, цэцэрлэгийн 1081 багш ажилтнаа сургасан зэрэг амжилтаар шинэ хичээлийн жилээ угтаж байна” гэв.

Холбоотой мэдээ