“Хөгжил” политехник коллежийн суралцагчид 60 гаруй байгууллагад дадлага хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-09-02 20:58:37

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн 2019-2020 оны хичээлийн жилийн нээлт боллоо. Энэхүү үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, тус сургуулийн захирал Д.Баярмаа болон бусад удирдах ажилтан, багш, суралцагчид оролцов.

Тус сургууль 2019-2020 оны хичээлийн жилд 130 гаруй багш ажилтан, 1000 гаруй суралцагчтай үйл ажиллагаа явуулж байгаагийн 640 орчим суралцагч энэ хичээлийн жилд 33 мэргэжлийн дагуу шинээр элсэн суралцаж буй.  

Хөгжил политехник коллеж нь энэ хичээлийн жилд түншлэлд суурилсан чанартай сургалт явуулах замаар хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн чадамжтай ажилтан бэлтгэх зорилтын хүрээнд  Ховд аймгийн хэмжээнд хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 60 гаруй байгууллагатай хамтран ажиллана. Улмаар суралцагчид эдгээр байгууллага дээр үйлдвэрлэлийн дадлага хийж, мэдлэг,  ур чадвараа хөгжүүлэх аж. 

Түүнчлэн 2019-2020 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагааны чанарыг сайжруулах зорилгоор АНУ-ын Юта мужийн Прово хотын Бригам Янгийн Их Сургууль, БНХАУ-ын Шилийн гол аймгийн Ажил мэргэжлийн их сургууль зэрэг гадаад, дотоодын их, дээд сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, багш, суралцагчид туршлага судлах боломжийг өргөжүүлсэн гэнэ.    


Холбоотой мэдээ