Нийтийн номын сан “Цахим танхим”-тай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-09-09 15:22:45

Ховд /МОНЦАМЭ/. Номын сангийн үйлчилгээг цахимжуулах, орчин үеийн технологийг нэвтрүүлэх, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ховд аймгийн Нийтийн номын санд Цахим танхим” байгуулжээ.

Аймгийн ИТХ-ын 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 125 дугаар тогтоолоор “Цахим номын сан” аймгийн дэд хөтөлбөр баталсан. Хөтөлбөрийн хүрээнд 2019 онд 32 төрлийн 85 ширхэг тоног төхөөрөмж нийлүүлжээ.

Ингэснээр номын сангийн Lib4u програмыг шинэчилж, интернэттэй газраас номын санч нар програм руу хандах боломжтой болжээ. Мөн хүүхдийн номын өргөөг шилэн кабелаар интернэтэд холбосноор номын санч нар цахим програм ашиглан үйл ажиллагаа явуулж байна.

Мөн сервер, өндөр хурдны сканнер болон харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан дайзи цахим ном уншигч, зөөврийн жижиг спикертэй болсноор хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх, номын эх материалыг гэмтээхгүйгээр олон уншигчид үйлчлэх боломж бүрдсэн аж

Цахим танхимд орчин үеийн стандартад нийцсэн зориулалтын компьютерийн ширээ, сандал, компьютер, tablet, kindle, принтер  зэрэг тоног төхөөрөмж суурилуулжээ.

Мөн Лед touch дэлгэцийг номын сангийн дотоод орчинд байрлуулж, иргэдэд электрон каталог шүүх, өдөр тутам сонин сэтгүүл унших боломж бүрдүүлсэн гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Иргэдэд цахим номоор үйлчлэх, улмаар  интернэт ашиглан төрөл бүрийн мэдээлэл авахад туслах, хүүхэд багачууд, оюутан залуусын мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд энэхүү танхимын зорилго чиглэж буй.  

Бүх насны иргэд нийтийн номын сангийн цахим танхимаар нээлттэй үйлчлүүлэх боломжтой бөгөөд уншигчийн карт нээлгэн үйлчлүүлэх, цаашлаад анги хамт олноороо компьютерийн програмын анхан шатны сургалтад үнэ төлбөргүй хамрагдах боломжтой гэж Ховд аймгийн Нийтийн номын сангаас мэдээлэв. 
Цахим танхимаар дамжуулан иргэд хүүхдийн болон түүхэн, нийгэм, уран зохиол, яруу найраг, гадаад хэл, эрдэм шинжилгээний  4000 орчим номыг цахим хэлбэрээр унших боломжтой.

     


Холбоотой мэдээ