Ховд аймгийн музейн барилгыг шинэчлэх санал уламжлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-09-10 12:35:57

Ховд /МОНЦАМЭ/. Баруун Монголын түүх, соёл, олон угсаатны бүлгийн өвөрмөц ёс заншил, оюуны соёлыг олон нийтэд үзүүлж, хойч үедээ өвлүүлэн үлдээх, сурталчлан таниулах ажлыг зохион байгуулдаг соёлын томоохон төв бол Ховд аймгийн музей юм.  

Тус музейг 1950 онд нэг орон тоотой 40 гаруй үзмэртэй “Орон нутаг сурталчлах танхим” нэртэй байгуулсан. Улмаар 1991 онд аймгийн музей болон өргөжжээ.

Одоогийн байдлаар 13 ажилтан, 1026 дэсийн 3100 гаруй үзмэртэй бөгөөд 9 танхимаар дамжуулан түүх, соёлын өвийг сурталчлан ажиллаж байна.

Тус музейн барилга 1961 онд ашиглалтад орсон бөгөөд МХГ-ын таван удаагийн дүгнэлт гарч,  ашиглалтын хугацаа дууссан, стандарт шаардлага хангахгүй байгаа тул үнэт, нэн ховор эд зүйлсийг хадгалах боломжгүй болжээ.

Иймд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт Ховд аймагт ажиллах үеэр музейн байгууллагын үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулж, барилгыг өргөтгөн шинэчлэх шаардлагатай байгаа талаар санал уламжиллаа.

Ховд аймгийн музей барилгыг шинэчилснээр тус музейн сан хөмрөгийг баяжуулах, шинээр нэмэгдсэн түүх соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий үзмэр, эд өлгийн зүйлсийг олон нийтэд сурталчлах, танилцуулах ажил өргөжих давуу талтай. Мөн үнэт, нэн ховор эд зүйлсийг орчин үеийн стандартын дагуу хадгалан хамгаалах боломж бүрдэх аж.

Холбоотой мэдээ