Монголын талаарх мэдээллийг хил дээрээс шууд авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-09-12 10:47:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ-наас хилийн 21 боомтын захиргаанд жуулчдад зориулсан аппликэйшн бүхий цахим дэлгэц хүлээлгэн өглөө.

Ингэснээр гадаадын жуулчид хил дээр манай орны талаарх цогц мэдээллийг авах боломжтой болж байна. Тодруулбал, дээрх электрон хөтөч нь Монгол Улс руу дамжин нэвтэрч буй жуулчдад Монгол орны талаарх бүх төрлийн мэдээллийг өгч, 21 аймагт үзэж болох түүх соёл, байгалийн цогцолборт газруудыг танилцуулах юм. Мөн үйлчилгээний талаарх мэдээллийг багтаасан бөгөөд аялсан газраа тэмдэглэх, эрүүл мэнд, аюулгүй байдлын тусламж хэрхэн авахыг ч зөвлөх юм байна.

Энэ талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Боомтуудад электрон хөтчийг байршуулснаар нэвтэрч буй жуулчдад тулгардаг хүндрэл бэрхшээл багасаж, хил орчмын аялал жуулчлал хөгжих эхлэл тавигдах юм” хэмээн онцолж байна.

Хил хамгаалах ерөнхий газрын Шалган нэвтрүүлэх хэлтсийн дарга хурандаа Д.Ганбаатар “Боомтоор нэвтэрч буй жуулчдад мэдээлэл өгөхөд тулгардаг хүндрэлийг шийдэж өгч байгаад баяртай байна. Боомтоор нэвтрэх жуулчид хүлээлгийн танхимд байх хугацаандаа Монгол орны талаарх бүхий л мэдээллийг нэг дороос авах боломжтой болсон нь аялал жуулчлалын хөгжилд бодит хувь нэмэр оруулна гэж итгэж байна” гэв.

Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх зорилт дэвшүүлсний дотор хил орчмын аялал жуулчлалыг эрчимжүүлэх ажлыг тусгасан юм.

Холбоотой мэдээ