Амралтын өдрүүдэд “Цэвэр агаар” өдөрлөг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2019-09-13 10:26:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Цэвэр агаартай-aвтомашингүй өдөр”-ийг ирэх амралтын өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Өдөрлөг нь “Цэвэр агаартай өдөр”, “Цэвэр агаартай-автомашингүй өдөр” гэсэн үндсэн хоёр хэсэгтэй болох талаар Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Цолмон мэдээллээ.

Тодруулбал, Д.Сүхбаатарын талбайд болох “Цэвэр агаартай өдөр” өдөрлөгт 40 гаруй ААН, байгууллагууд оролцож, гэр, байшингийн дулаалгын материал, халаалтын шийдлүүд, эко автомашин, шинэ дэвшилтэт технологи бүхий бүтээгдэхүүнээ танилцуулах юм.



Мөн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон Засгийн газрын 62-р тогтоолын дагуу төрийн байгууллагууд хэрэгжүүлж буй ажлаа танилцуулна. Энэ өдрүүдэд иргэд, ААН, байгууллагуудад дулаан, цахилгаанд холбогдох техникийн нөхцөл олгох, “Ногоон зээлийн сан”-гаас зээл авах, цахилгаан болон хийн халаагуур, сайжруулсан хатуу түлшний түгээлт борлуулалтын цэгийн мэдээлэл, орон байраа дулаалах зөвлөмж, тасалгааны цэцэг, мод үрсэлгээний талаарх зөвлөмж, мэдээллийг нэг дороос авах боломжтойг хэлж байна. Мөн 5000 дугуйчны парад, шохойн зургийн уралдаан, спорт, урлагийн олон үйл ажиллагаа зохиогдох талаар Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Цолмон мэдээлэл өглөө.


Мөн энэ өдөр ААН, байгууллагууд орчныхоо хог хаягдлыг цэвэрлэж, байгууллагын хана, фасад, цонх, хаягжилт, сандал, хогийн сав, үүд довжоогоо угаах, засварлах, гадна талбайгаа усалж, чийгшүүлэх ажлыг хийнэ. Нийслэлийн харьяа газар, агентлагууд хуваарийн дагуу Туул, Дунд голын дагуу цэвэрлэгээ хийх талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Аригуун мэдээллээ.


Цэвэрлэгээнээс үүссэн болон ТҮК-уудын ачиж тээвэрлэж хүрэлцэхгүй байгаа үүсмэл болон хур хог хаягдлыг Улаанбаатар хотын Захиргаанаас нэмж машин гаргаж, цэвэрлэж ачуулах аж. Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газраас харьяа нутаг дэвсгэртээ байрлах хөшөө баримлыг угааж цэвэрлэнэ. Энэ өдрүүдэд Монголын хог хаягдлыг дахин боловсруулах Үндэсний холбооноос төвийн зургаан дүүргийн 30 байршилд ангилсан хог хаягдлыг иргэд, ААН, байгууллагаас худалдан авах юм байна.



Мөн “Цэвэр агаартай-автомашингүй өдөр”-өөр Үндэсний номын баяр Д.Сүхбаатарын талбайд болно. Энэ удаагийн номын баяр-худалдаагаар номын зохиогчид лекц уншиж илтгэл тавих юм. Үүгээр энэ намрын номын баяр онцлог болох аж.

Мөн өдрүүдэд “Автомашингүй өдөр” болох тул Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам, Сөүлийн гудамж, Бага тойруу, Самбуугийн гудамж, Бээжингийн гудамж, Токиогийн гудамж, Сансарын тойргоос зүүн дөрвөн зам хүртэлх туслах замын хөдөлгөөнийг есдүгээр сарын 15-ны ням гарагийн 07.00-18.00 цагийн хооронд түр хязгаарлах талаар Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын мэргэжилтэн Г.Саруул мэдээллээ. Энэ хугацаанд дээрх гудамж, замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн чиглэлийг Нарны зам, Их тойруугаар түр зорчуулахаар төлөвлөжээ.

Б.Болд

Холбоотой мэдээ